Мэдээ, Мэдээлэл

“ХҮРЭЛТОГООТ-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ХҮРТЛЭЭ

Хүрэлтогоот-2018”эрдэм шинжилгээний бага хурлын 7 салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,   БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат,  Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.
  
Дэд сайд Г.Ганбаяр, “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны эрдэс бодисын гэхчлэн олон сайн судалгаа харагдаж байна. Залуу эрдэмтэд маань Монгол Улсынхаа нийгэм эдийн засагт эерэг үр нөлөөтэй судалгаа шинжилгээ хийж байгаад бахархалтай байна. Яамнаас та бүхний эрдэм шинжилгээний ажлыг байнга дэмжин ажиллах болно” гээд Шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг давхар хүргэлээ.

Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан юм.  Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн эдийн засаг, инновацийн судалгааны үр дүнг хэлэлцдэг болсныг урамшуулж энэ жил анх удаа Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хуралд “эдийн засаг, менежмент”-ийн салбар хуралдааныг шинээр бий болгож энэ салбарын Грантын эзнийг тодруулсан нь онцлог байлаа.

Анагаах ухааны салбар хуралдаан /2018.10.06 /
1.О.Амгаланхүү “Өвдөгний үе солих мэс засалд Транексамийн хүчил хэрэглэсэн үр дүн”
2.Б.Наранчимэг “Монгол хүний чихрийн шижингийн Глюкокиназа генийн нуклеодитийн дарааллыг тодорхойлсон судалгаа”

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан /2018.10.12/
1.МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэзуу “Дундад үеийн монгол хэлний цэг цэглэлийг судлах асуудалд”
2.Богд хааны ордон музейн ажилтан Ц.Гүнчин-Иш “Сарьдагын хийдийн малтлагаар илэрсэн язгуурын таван бурхны дүрслэлд хийсэн дүн шинжилгээ”

Эдийн засаг, менежментийн салбар хуралдаан /2018.10.13/
1.Монгол банкны эдийн засагч, судлаач Б.Хүслэн “Бизнесийн мөчлөгийг тодорхойлсон нь”
2.ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Оюунгэрэл “Э-худалдаа эрхлэлтийн судалгаа”

Геологи, газарзүйн салбар хуралдаан /2018.10.19/
1.МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин инженерчлэлийн тэнхмийн докторант Ч.Бямбацэрэн“Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа”
2.ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь” 

Инженерчлэл, технологийн салбар хуралдаан /2018.10.20/
1.ШУТИС-Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Болормаа “Монгол малын маханд агуулагдах эрдэс бодис болон хүнд металлыг атом шингээлтийн спектрометрийн  (AAS) аргаар тодорхойлсон үр дүн”
2.Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Нано, химийн инженерчлэлийн тэнхмийн магистрант Ц.Туул “Төмрийн соронзон ширхэг гарган авч нуклейн хүчил ялгах технологид ашиглах боломжийн судалгаа”

Биологи-хөдөө аж ахуйн салбар хуралдаан /2018.10.26/
1.ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Сод-Эрдэнэ “Монгол бөхөн болон Соргог бөхөнгийн генетик олон янз байдлыг тодорхойлсон нь”
2.ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант Т.Энхзаяа “Хэрлэн голын Амарын сугас (Leuciscus waleckii) загасанд шимэгчлэгч Ichthyoxenus amurensis (Isopoda, Cymothoidae) паразитын үзүүлэх нөлөө”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2018.10.27/
1.ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг “Малын хаягдал арьс ширийг ашиглан коллагений гидролизат үйлдвэрлэх технологийн судалгаа”
2.Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнгөнсар “Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus)-н анхдагч эсийн өсгөвөр гарган авсан судалгааны үр дүн” бүтээлээрээ шилдгээр шалгарч сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.

© 2018 OUG.