Бидний тухай

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэн Монголын залуу эрдэмтдийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Өнгөрсөн жилүүдэд олон улсад нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан технологитой холбоотой олон өөрчлөлт дэвшил гарсан, шинэ улсуудын үүсэл, эдийн засгийн чөлөөт хандлага эдгээр болон бусад хүчин зүйлсийн улмаас дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, мэдээлэл, хувь хүмүүс улс хооронд чөлөөтэй зорчих болсон үүнийг дагасан шинжлэх ухаан, технологийн болон менежментийн дадлага туршлагуудын солилцоо бий болоод олон жилийг үдэж байна.

XX-р зууныг дэлхийн хэмжээнд үйлдвэржилтийн зуун хэмээн тодотгодог тэгвэл XXI зуунд хүн төрлөхтний хөгжил дэвшилд зарчимын болоод агуулгын ихээхэн өөрчлөлт гарч, шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Энэ зууны хандлага бол баялаг капиталд чиглэсэн бус улс орнууд эдийн засгийн тогвортой хөгжлийг хангахад мэдлэгийг түшиглэдэг, мэдлэгээ үүсгэдэг, арилжаалдаг эдийн засгийн шинэ хандлагуудыг бий болгож байна. Ийм нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд Боловсрол, Шинжлэх ухааны байгууллагууд тэдгээрийг бүрдүүлж буй хүний нөөцийн оролцоо хамгаас чухал юм. Энэхүү цаг минут тутам даяарчлагдаж буй нийгэмд дотоод болон гадаадын улс оронд сурч боловсрон, судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй олон зуун оюунлаг залуу судлаач, эрдэмтэн нарыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн байгуулага бол “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ юм. МЗЭХ нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтдэд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилготой байгууллага билээ.

Монголын залуу эрдэмтдээс ирэх жилүүдэд шинжлэх ухааныг эдийн засагжуулах буюу шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явцыг сэдэлжүүлэх зорилгоор залуу эрдэмтэн судлаач нартай инновацилаг байъя уриаг дэвшүүлж байгаа.

Монгол улсад мэдлэгийн үйлдвэрлэлийг их бүтээн байгуулалтад нэвтрүүлж ”Монгол ухаан” Монголоо хөгжүүлж улмаар дэлхийн оюуны зах зээлд хүчээ сорих шинэ цагийг Монгол оюунлаг залуус авчирна гэдэгт би итгэлтэй байдаг.

Монгол хүн таньд Монголын олон зуун залуу судлаач эрдэмтэн нарын нэрийн өмнөөс мэндчилэн, эрүүл энх сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн,
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч,
Доктор (PhD) Доржготовын Баттогтох

© 2018 OUG.