Монгол - Беларусийн Залуу Эрдэмтдийн Чуулга Уулзалт

Монгол - Беларусийн Залуу Эрдэмтдийн Чуулга Уулзалт

Уншсан既読Read 329
ТүгээхShare共有する공유하기

Монгол – Беларусийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны 9 дүгээр сарын 29–30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын залуу эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол – Беларусийн Залуу Эрдэмтдийн Чуулга Уулзалт” амжилттай болж өндөрлөлөө.

Чуулга уулзалт нь “Салбар дундын шинжлэх ухаан: Тогтвортой хөгжлийн төлөөх залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд салбар дундын шинжлэх ухааныг уялдуулах замаар тогтвортой хөгжлийг дэмжих, хоёр орны залуу судлаачдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.

Эхний өдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 29-нд чуулганы эрдэм шинжилгээний хуралдаан болж, уригдсан илтгэлүүд бүхий нэгдсэн хуралдаан болон Байгаль орчин, Анагаах ухаан ба хөдөө аж ахуй, Байгалийн ухаан, Техник технологи гэсэн дөрвөн чиглэлийн салбар хуралдаанаар нийт 34 илтгэл хэлэлцүүлэв.

Хоёр дахь өдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 30-нд Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ) болон Беларусийн Шинжлэх Ухааны Академийн Залуу Эрдэмтдийн зөвлөлийн (Council of Young Scientists of the National Academy of Sciences of Belarus) хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлов. Мөн залуу судлаачдын дунд “Хамтын ажиллагаа ба хамтарсан төслийн санал” сэдэвт Хакатон зохион байгуулагдсан нь хоёр талын судлаачдын шинэ санаачилга, хамтын бүтээлч ажиллагааг дэмжсэн чухал үйл явдал боллоо.

Ийнхүү Монгол – Беларусийн залуу эрдэмтдийн чуулга уулзалт нь хоёр улсын шинжлэх ухааны залуу үеийнхний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан, шинжлэх ухааны салбарт олон талын ач холбогдол бүхий түүхэн арга хэмжээ болж өндөрлөлөө.