

2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (MYSA), LIVEWITH Co., Ltd. болон LIVEALL Co., Ltd. урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, судалгаа, инновац болон ESG чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан тогтвортой түншлэлийг хөгжүүлж, залуу эрдэмтэн, судлаачдад чиглэсэн ESG төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан вебинар, семинар зохион байгуулах, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын шинжлэх ухаан, судалгаа, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд LIVEWITH болон LIVEALL компаниуд өөрсдийн туршлага, бизнесийн сүлжээ, мэргэжлийн чадавхад тулгуурлан залуу эрдэмтэн, судлаачид болон ESG чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, боловсролын хөтөлбөр, семинар, вебинар болон мэргэжлийн сүлжээний арга хэмжээг хамтран зохион байгуулах чиглэлээр ажиллана.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь Монгол Улсын шинжлэх ухаан, судалгааны экосистем, өнөөгийн нөхцөл байдал, боломжийн талаарх мэдээллийг түнш байгууллагуудад хүргэх, хамтарсан төсөл, инновацын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улс болон БНСУ-ын залуу эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
Энэхүү санамж бичиг нь талуудын урт хугацааны хамтын ажиллагааны үндсэн хүрээг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээг харилцан зөвшилцсөний үндсэн дээр үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Талууд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан шинжлэх ухаан, инновац болон ESG хөгжлийг дэмжих, залуу эрдэмтэн, судлаачдын олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн сүлжээг өргөжүүлэх, Монгол Улс болон БНСУ-ын байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.