“STEM100” ТӨСЛИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ

“STEM100” ТӨСЛИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, YES Mongolia ТББ, БНСУ-ын Live All компанийг төлөөлөн Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, “STEM100 – Ирээдүйн STEM мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тус төсөл нь ахлах ангийн сурагчдад шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжлүүдийг бодитоор таниулах, судалгаа, туршилтад суурилсан суралцах орчныг бүрдүүлэх, залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

“STEM100” төслийн хүрээнд сургуулийн номын санд шинжлэх ухаан, танин мэдэхүйн зориулалттай STEM булан байгуулж, сурагчдын бие даан суралцах, туршилт хийх, шинэ санаа хөгжүүлэх орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн сурагчдын оролцоонд тулгуурласан “STEM100” клуб байгуулж, шинжлэх ухаан, технологийн сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, танин мэдэхүйн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм.

Төслийн онцлог нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны долоон салбар холбооны эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг ментороор оролцуулж, сурагчдыг шинжлэх ухаан, судалгаа, инновацын салбарын бодит үйл ажиллагаатай холбох явдал юм. Энэ хүрээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори, инновацын байгууллагуудтай танилцах аялал, мэргэжил сонголтын уулзалт, эрдэмтэн судлаачдын лекц, илтгэлийг зохион байгуулахаар тусгасан байна.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд сурагчдын STEM чиглэлийн мэргэжлийн талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлж, ирээдүйн мэргэжлээ өөрийн авьяас, сонирхол, бодит туршлагад тулгуурлан сонгох боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО