ЗАЛУУ СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ VII ЧУУЛГАН #шинжлэх_ухааныг_хүртээмжтэй_болгоё
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-оос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай билээ.
Энэ удаагийн VII дахь чуулга уулзалтыг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН - ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОРОЛЦОО” сэдвийн дор 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулганыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Их дээд сургууль, Хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулах юм. Тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 300 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
“НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН – ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОРОЛЦОО” үндэсний VII чуулганы зохион байгуулалт
Чуулганы хурал нь үндсэн 5 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний үед хүндэт зочид болох Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл нар чуулганд оролцогч залуу судлаач, эрдэмтдэдээ мэндчилгээ хүргэсэн. Үүний дараагаар Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор С.Бямбахорлоо “Залуу судлаачдын амжилт ба асуудал” сэдэвт нээлтийн илтгэлээр нээлтийн үйл ажиллагаа үргэлжилсэн.
Хоёрдугаар хэсэг нь Үндсэн хуралдааны I үе “Залуу эрдэмтдийн манлайлал ба бодлого, дэмжлэг” сэдвийн хүрээнд БШУЯ, ШУТБИХХ газрын дарга, доктор Д.Баттогтохын “Шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, нээлттэй шинжлэх ухаан“ илтгэл, АШУҮИС-ийн захирал, доктор Б.Дамдиндоржийн “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны хөгжил” илтгэл, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн ЭША, доктор Ц.Банзрагчийн “Хором бүрийн боломж” илтгэл, ШУА-ийн Биологийн хүрээлэн захирал, доктор Д.Гантулгын “Биотехнологи: товч түүх, зарим асуудлууд ” зэрэг дөрвөн илтгэл танилцуулагдсанаар Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхийлөгч, доктор С.Бямбахорлоогийн чиглүүлэгтэйгээр хуралдааны I үеийн хэлэлцүүлэг явагдаж өндөрлөлөө.
Гуравдугаар хэсэг болох “МЕНТОР – МЕНТЕЕ” үдийн цайны чөлөөт хэлэлцүүлэг маань Эдийн Засаг, Бизнесийн салбарын залуу эрдэмтдийн холбоо тэргүүн, доктор З.Отгон, гүйцэтгэх захирал Ө.Амар болон бусад зохион байгуулагч нарын зохион байгуулалтаар дараах зургаан сэдвийн хүрээнд, салбар бүрийн туршлагатай төлөөлөл менторуудтай залуучууд маань нүүр тулж ярилцсан ярилцлагууд болж өндөрлөлөө. Үүнд: Санхүү ба хөрөнгө оруулалт – ментор С.Бямбахорлоо / МЗЭХ/, Дэлхийд танигдсан эрдэмтэн / судалгаа хэвлүүлэх талаарх/ – ментор Ж. Тэмүүжин /ШУ/, Инновац /Старт-ап хэрхэн эхлүүлэх, инновацын судалгаа/ – ментор Д.Хандмаа /Инно Хаб/, Төрийн бодлого зохицуулалт, дэмжлэг – ментор Д.Баттогтох /БШУЯ/, Судлаач судалгааны үр дүнгээ төрийн бодлого шийдвэрт хэрхэн тусгуулах – ментор Д.Ган-Очир, Оюуны өмч – ментор Б.Одгэрэл /ОӨГ-ын ахлах шинжээч/ зэрэг зургаан хүндэт зочидтой чуулганд оролцогч залуу судлаачид маань санал бодлоо солилцон нүүр тулж ярилцаж танилцлаа. Энэхүү арга хэмжээ маань залуу судлаачдын хувьд уулзаж ярилцаж үзэх хүсэлтэй байдаг хүмүүстэй нь нүүр тулж ярилцах боломжийг гаргаж өгсөн сайхан арга хэмжээ байлаа.
Дөрөвдүгээр хэсэг нь Үндсэн хуралдааны II үе “Нээлтэй Шинжлэх ухаан дахь залуу судлаачдын оролцоо” сэдвийн хүрээнд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор, Нанотехнологийн төвийн захирал, доктор Ч.Ганзоригийн “Залуу судлаачдын олон улсын түвшинд өрсөлдөх боломж” илтгэл, АШУҮИС-ийн Биоанагаахын багш, доктор М.Нандин-Эрдэнийн “Залуу судлаачдын оролцоо ба олон улсын үнэлэмж” илтгэл, ШУТИС, Барилга архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзанын “ШУ ба инженерчлэлийн зохицол: Хөвсгөл нуураас машин техник татан гаргасан туршлага” илтгэл, Empasoft institute of technology, Чимэгэ компанийн AI инженер, доктор М.Лхагвадоржийн “Хиймэл оюун ухаан ашигласан шинжлэх ухааны чиг хандлага” зэрэг дөрвөн илтгэл танилцуулагдсанаар АШУҮИС-ийн эмнэлзүйн лабораторийн тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн эмнэлзүйн төв лабораторийн эрхлэгч, доктор С.Зэсэмдоржийн чиглүүлэгчтэйгээр хуралдааны II үеийн хэлэлцүүлэг явагдаж өндөрлөлөө.
Тавдугаар хэсэг нь “ Нээлттэй шинжлэх ухаан дахь хүртээмжтэй байдал, асуудал шийдэл ” нэгдсэн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд МЗЭХ-ны Байгалийн ухааны салбар холбооны тэргүүн, доктор Д.Лхагвасүрэн, МЗЭХ-ны Нийгэм хүмүүнлэгийн салбар холбооны тэргүүн, доктор Т.Эрдэнэ-Очир, МЗЭХ-ны Техник, инновацын салбар холбооны тэргүүн, доктор П.Бямбацогт, МУИС, ИТС-ийн дэд профессор, доктор Д.Батсүрэн зэрэг зочин илтгэгчидтэй модератор, Монголын залуу эрдэмтдийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор Д.Хандмаа асуудал, шийдлүүдээ хэлэлцэн оролцлоо.
Эцэст нь чуулганы хүрээнд хэлэлцсэн асуудлуудаа, чуулганы оролцогчдын гаргасан санал хүсэлтүүдийг нэгтгэн зөвлөмж гарган хүргүүлэхээр боллоо.