"СУДАЛГАА БОЛ ЗОГСОЛТГҮЙ СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ: АЛДАА БҮР ДАРААГИЙН АМЖИЛТЫН СУУРЬ БОЛДОГ"

"СУДАЛГАА БОЛ ЗОГСОЛТГҮЙ СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ: АЛДАА БҮР ДАРААГИЙН АМЖИЛТЫН СУУРЬ БОЛДОГ"

ТүгээхShare共有する공유하기

  • Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.

Сайн байна уу, намайг Мягмарсүрэнгийн Одончимэг гэдэг. Би малын эмч мэргэжилтэй, доктор (PhD) зэрэгтэй. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Вирус судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

Миний судалгааны чиглэл нь мал, амьтны вируст халдварт өвчний оношилгоо, вакцин судлал, эсийн өсгөвөр, мөн вектороор дамжих вирусийн өвчний судалгаа юм. Судалгааны ажлын хүрээнд эдгээр өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг боловсруулахад анхааран ажиллаж байна.

Одоогоор би үхрийн арьс товруутах өвчнийг оношлох оношлуур хөгжүүлэх докторын дараах грантын төсөл дээр ажиллаж байна. Мөн адуу болон бог малын зарим вируст өвчний оношлуур боловсруулах, бог малын мялзан өвчний вакцины судалгаа зэрэг хамтарсан төслүүдэд оролцон ажиллаж байна. Үүнээс гадна бусад вируст өвчний судалгаанд идэвхтэй оролцож байна.

  • Судлаач болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

Би 2011 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг төгсөөд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Гоц халдварт өвчин оношилгоо, тандалтын тасагт вирусийн гаралтай өвчнийг оношлох шинжээч эмчээр ажиллаж эхэлсэн нь судалгааны ажилд хөл тавих эхлэл болсон. Энэ хугацаанд олон туршлагатай эмч, судлаачидтай хамтран ажиллаж, мэргэжлийн болон судалгааны арга барилд суралцсан.

Харин 2020 оноос Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Вирус судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болсноор судалгааны чиглэлд илүү гүнзгийрэн ажиллах боломж нээгдсэн.

Энэ үеэс аливаа үзэгдлийн “яагаад” гэсэн учир шалтгааныг ойлгох сонирхол улам гүнзгийрч, судлаач болох шийдвэрт хүргэсэн.

  • PhD чиглэл сонголтоо хэрхэн хийсэн бэ?

Миний судалгааны үндсэн чиглэл нь мал, амьтны халдварт вируст өвчин юм. Анх Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа үхрийн арьс товруутах өвчний талаар лабораториудын хамтарсан семинарт илтгэл танилцуулж байв. Тухайн үед энэ өвчин Монгол Улсад бүртгэгдээгүй, харин хөрш орнуудад тархаж, өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан.

Удалгүй 2021 онд уг өвчин Монгол Улсад анх удаа оношлогдсон. Үүний дараа би судалгааны багийн хамт анхны дэгдэлт бүртгэгдсэн бүс нутагт ажиллаж, дээж цуглуулан, өвчилсөн үхрийг ажиглаж, эмнэлзүйн шинж тэмдгийг газар дээр нь судлах боломжтой болсон. Цуглуулсан дээжүүдэд лабораторийн оношилгооны бүх шатны аргыг ашиглан баталгаажуулалт хийж, вирусийг ялган авсан нь миний цаашдын судалгааны ажлын үндэс болсон.

Үүний үр дүнд би 2024 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд “Монгол Улсад анх бүртгэгдсэн үхрийн арьс товруутах өвчний дэгдэлт, тархалтыг судлах, оношлуурын технологи боловсруулах” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

  • Хүрэлтогоот ЭШХ-д оролцсон тухайд

Анх 2016 онд Дархан хотод зохион байгуулагдсан “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний хуралд магистрын судалгааны ажлаараа оролцож байсан. Үүнээс хойш 2023 онд Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хуралд докторын зэрэг хамгаалах судалгааны ажлын хүрээнд дахин оролцож “Үхрийн арьс товруутах өвчнийг оношлох ФХЭБУ-ын оношлуур бэлтгэн туршсан дүн” сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулсан. Энэ нь оношлуурын гүйцэтгэл болон судалгааны арга зүйг сайжруулах чиглэлд мэргэжилтнүүдээс үнэтэй санал, зөвлөмж авах боломжийг олгосон.

Мөн энэхүү оролцоо нь судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, шинжлэх ухааны хэлбэрээр илтгэх ур чадварыг хөгжүүлэх, цаашдын судалгааны ажлыг сайжруулахад чухал туршлага болсон. Түүнчлэн уг илтгэл Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хуралд Тэргүүн байр эзэлж, БШУЯ-ны сайдын нэрэмжит грант, цом хүртсэн нь докторын судалгааг амжилттай гүйцэтгэхэд чухал урам зориг бодит дэмжлэг болсон юм.

Үе үеийн залуу судлаачдад энэхүү “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг өөрийн судалгааны ажлаа танилцуулах, туршлага солилцох, чадвараа сорих боломж гэж үзэн идэвхтэй оролцож байхыг хүсэж байна.

  • Гадаад туршлага

Би урт хугацаанд гадаадад суралцаагүй ч Япон, Австри зэрэг орнуудад зохион байгуулагдсан богино болон дунд хугацааны мэргэжлийн сургалтуудад хамрагдсан. Эдгээр сургалтаар дамжуулан олон улсын лабораторийн стандарт, судалгааны арга зүй, багийн хамтын ажиллагааны соёлоос суралцсан.

  • Судалгааны явцад тулгарсан сорилтуудын тухайд

Судалгааны ажил гүйцэтгэх явцад алдаа гаргахгүй байна гэж байх, энэ нь илүү оновчтой шийдэлд хүрэх үйл явцын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Миний хувьд зарим туршилт эхний оролдлогоор амжилтгүй болсон тохиолдол байсан  гэхдээ шалтгааныг тодорхойлж, дараагийн туршилтаа сайжруулах боломжийг эрэлхийлдэг.

Энэ үйл явцыг би зогсолт биш, харин судалгаагаа хөгжүүлэх, сайжруулах боломж гэж хардаг. Хамгийн том сургамж бол тэвчээртэй байх, мөн алдааг зөв дүгнэж, түүнээс суралцах нь судлаач хүний чухал чадвар гэдгийг ойлгосон явдал юм.

  • Салбарын өнөөгийн түвшинг хэрхэн дүгнэж байна бэ? 

Монгол Улсад малын вирус судлал, халдварт өвчний судалгаа сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээнд хөгжиж, оношилгоо, тандалтын чадавх сайжирч байна. Гэсэн хэдий ч олон улсын түвшинтэй харьцуулахад тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөц, судалгааны тогтвортой байдалд сорилтууд байсаар байна.

Цаашид:

  1. Судалгааны санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх
  2. Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  3. Лабораторийн дэд бүтцийг сайжруулах
  4. Залуу судлаачдыг дэмжих шаардлагатай гэж үзэж байна.
  • Судалгааны ажлын гол нөлөөг юу гэж хардаг бэ?

Судалгааны ажлын гол нөлөө нь бодит асуудлыг шийдвэрлэх түвшнээр хэмжигдэх ёстой гэж үздэг. Ялангуяа оношлуур, вакцин, урьдчилан сэргийлэх бэлдмэл зэрэг практикт шууд ашиглагдах бүтээгдэхүүнийг хөгжүүлж, импортыг орлох боломж бүрдүүлэх нь чухал юм.

  • Залуу судлаачдад зөвлөгөө

Өөрөө залуу судлаачийн хувьд шууд зөвлөгөө өгөхөөс илүү өөрийн туршлагад үндэслэн зарим зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Юуны өмнө тууштай байдал, тэвчээр, алдаанаас айхгүйгээр суралцах хандлага нэн чухал. Мөн шинээр гарч буй арга зүй, судалгааны өгүүллүүдийг тогтмол судалж, өөрийн ажилд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн туршиж үзэх нь чухал ач холбогдолтой.

Судалгааны ажил нь урт хугацаанд үргэлжилж, олон сорилт, бэрхшээл дагуулдаг тул тогтвортой, шаргуу хандлагатай байж чадвал үр дүнд хүрнэ.

  • Ирээдүйн зорилго

Цаашид би малын вируст өвчний молекул биологи, дэвшилтэт оношилгооны технологи хөгжүүлэх чиглэлд судалгаагаа өргөжүүлэхээр зорьж байна. Мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн оношилгоо, тандалтын технологийг Монголд нутагшуулахад анхаарч ажиллана.

  • Орчин үеийн судалгааны чиг хандлага хаашаа чиглэж байна гэж хардаг бэ?

Хиймэл оюун ухаан (AI) нь өнөө үед биологи, мал эмнэлэг, халдварт өвчний судалгаанд их хэмжээний өгөгдлийг боловсруулах, загварчлах, дүн шинжилгээ хийх боломжийг эрс сайжруулж байна.

Миний судалгааны хувьд AI нь лабораторийн туршилтын үр дүн, молекул биологийн өгөгдөл, оношилгооны мэдээллийг илүү хурдан, системтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх чухал хэрэгсэл болж байна. Мөн оношилгооны арга хөгжүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулахад ирээдүйд улам их үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.

  • AI судлаачдыг орлох уу эсвэл туслах уу?

Миний бодлоор хиймэл оюун ухаан нь судлаачдыг орлох бус, харин тэдний ажлыг дэмжих, хурдасгах хүчирхэг хэрэгсэл юм. Шинжлэх ухааны үндсэн сэтгэлгээ, асуудал тодорхойлох чадвар нь хүний оролцоог шаардсан хэвээр байх бөгөөд AI нь харин өгөгдөл боловсруулах, загвар гаргах тал дээр туслах үүрэгтэй.

  • Ирээдүйд хамгийн их нөлөө үзүүлэх технологи юу вэ?

Ирээдүйд хамгийн их нөлөө үзүүлэх технологиудын нэг нь хиймэл оюун ухаанд суурилсан биоинформатикс, геномын шинжилгээ болон өгөгдөлд суурилсан оношилгооны системүүд байх болно гэж үзэж байна. Эдгээр технологи нь халдварт өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг урьдчилан таамаглах боломжийг улам бүр сайжруулна.