“Ургамлын өвчний судалгааг олон улсын түвшинд орчин үеийн аргаар хөгжүүлэх зорилготой”

“Ургамлын өвчний судалгааг олон улсын түвшинд орчин үеийн аргаар хөгжүүлэх зорилготой”

ТүгээхShare共有する공유하기

  • Та өөрийгөө танилцуулахгүй юу — нэр, мэргэжил, судалгааны чиглэлээ бидэнд хуваалцана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тогообатын Батчимэг гэдэг. Би 2010 онд ХААИС-ийг Ургамал хамгаалал, хорио цээрийн шинжээч мэргэжлээр төгссөн. 2012 оноос УХЭШХ-ийн Ургамлын өвчин судлалын лабораторид ажиллаж эхэлсэн. 2024 оноос тус лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн 2023 онд БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн (ХААШУА) харьяа Ургамал хамгааллын хүрээлэнгийн, Ургамлын өвчин, хортон шавжийн биологийн түлхүүр лабораторид (SKLBPI), Ургамлын өвчин судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Миний судалгааны үндсэн чиглэл нь ургамлын өвчин судлал (plant pathology)-ын хүрээнд хөдөө аж ахуйн таримал ургамлын өвчний тархалтын зүй тогтол, эпидемиологи болонургацын алдагдалд үзүүлэх нөлөөллийн шинжлэх ухааны үндэслэлтэй судлахад чиглэгддэг. Тухайлбал, таримал ургамалд зонхилон тохиолддог мөөгөнцөр, бактери, вирусийн гаралтай өвчний үүсэл, тархалтын динамик, тэдгээрийн ургамлын өсөлт, хөгжилтөд ургацад үзүүлэх нөлөөллийг судалж байна.

Мөн бид өвчин үүсгэгчдийн биологийн онцлог, амьдралын мөчлөг, экологийн дасан зохицлыг судлахын зэрэгцээ молекул биологийн түвшинд тэдгээрийн генетик олон янз байдал, популяцийн бүтэц, вирулент чанарын механизмыг тодорхойлох судалгааг лабораторийн нөхцөлд гүйцэтгэдэг.

Түүнчлэн бид ургамлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн менежментийн (Integrated Disease Management) стратегийг боловсруулж, химийн болон биологийн аргуудыг хослуулан хэрэглэх боломжийг судалж байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай хамгаалалтын технологийг боловсруулахад чиглэн ажиллаж байна.

Бид судалгаанаас гадна тариаланчдад чиглэсэн сургалт, зөвлөгөө тогтмол зохион байгуулдаг. Жил бүр тариаланчдын зөвлөгөөнд оролцож, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, оновчтой зөвлөгөө өгч ажиллаж байна. Ингэснээр бидний судалгааны ажлын үр дүн бодитоор үйлдвэрлэлд нэвтрэх боломж бүрддэг.

  • Судлаач болох шийдвэрийг анх яагаад гаргасан бэ?

Миний хувьд 2009 онд 3-р курст байхдаа анх судалгааны ажилтай бодитоор танилцсан. Тухайн жил УХЭШХ-ийн Ургамлын өвчин судлалын лабораторид үйлдвэрлэлийн дадлагаа багш, доктор Б.Дондовын удирдлаганд хийсэн юм. Ингэхдээ зөвхөн лабораторид ажиллаад зогсохгүй, хүрээлэнгийн судлаачдын хамт зуны гурав дөрвөн сарын турш газар тариалангийн бүс нутгуудаар явж, тариалангийн талбайд туршилт тавьж, ажиглалт судалгаа хийсэн. Энэ хугацаанд ургамлын өвчний судалгаа практикт хэрхэн хэрэгждэгийг нүдээр үзэж, гар бие оролцсон нь надад ихээхэн урам өгч, цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн ажиллах, судлаач болох хүсэл эрмэлзлийг төрүүлсэн.

Сургуулиа төгсөөд Б.Дондов багшийнхаа удирдлага дор Ургамлын өвчин судлалын лабораторид магистрын судалгааны ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Үүний дараа багш маань намайг хүрээлэнд ажиллахыг санал болгосноор шинжлэх ухааны салбарт албан ёсоор орж, судалгааны ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байна.

  • Судлаач хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Та яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна.

Миний бодлоор судлаач хүн гэдэг нь шаргуу хөдөлмөрч, тууштай, шинийг эрэлхийлдэг, аливаа асуудлын учир шалтгааныг гүнзгий ойлгохыг зорьдог хүн байдаг. Судалгааны ажил үргэлж амар байдаггүй, олон удаагийн туршилт, алдаа, дахин оролдлого шаарддаг учраас бууж өгдөггүй байх нь хамгийн чухал чанар. Мөн шинэ арга зүй, технологийг тасралтгүй судалж, туршиж, өөрийн ажилдаа нэвтрүүлэх чадвартай байх хэрэгтэй гэж үздэг.

Одоогийн байдлаар бид ургамлын өвчний тархалт, ялангуяа хөдөө аж ахуйн гол таримлуудад тохиолддог өвчний эпидемиологи, тархалтын зүй тогтлыг судлах ажилд түлхүү анхаарч байна. Мөн өвчин үүсгэгчдийн молекул биологийн судалгааг гүнзгийрүүлэн хийж, тэдгээрийг орчин үеийн молекул оношилгооны аргаар тодорхойлох, улмаар үр дүнтэй урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгоход чиглэн ажиллаж байна.

Үүнээс гадна лабораторийн судлаачдын хамт ургамлын өвчин үүсгэгчдийн зүйлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох, тэдгээрийг ген банканд бүртгүүлэх, мөн өвчин үүсгэгчдийн даасан тэсвэрлэх чадвар (resistance/tolerance)-ын судалгааг гүйцэтгэж байна. Эдгээр судалгаа нь таримлын өвчний менежментийг илүү боловсронгуй болгох, цаашлаад тэсвэртэй сорт гарган авах суурь мэдээллийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

  •  Та хамгийн энгийн байдлаар мэргэжлийн бус хүмүүст тайлбарлавал яаж хэлэх вэ?

Энгийнээр хэлбэл, бид ургамал яагаад өвчилдөг, тэр өвчин нь ургацад хэрхэн нөлөөлдөг, мөн түүнийг яаж багасгах вэ гэдгийг судалдаг “ургамлын эмч” нар юм. Тариаланчдын тарьсан буудай, төмс, хүнсний ногоо зэрэг ургамалд янз бүрийн өвчин гардаг. Бид тэр өвчин юунаас үүссэн болохыг олж тогтооно, мөн халдварт өвчнийг үүсгэгч бичил организмууд хэрхэн тархаж байгааг судална, дараа нь түүнийг хэрхэн зогсоох, өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх арга замыг хайж олон хүмүүст зөвлөдөг.

Мөн бид лабораторид ургамлын өвчин үүсгэдэг бичил биетнүүдийг цуглуулж, хадгалж, бүртгэж авдаг. Заримыг нь “ген банк”-д бүртгүүлдэг нь бидний залгамж судлаачдад дахин судлах, харьцуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн ургамлын ямар өвчинд аль сорт нь илүү тэсвэртэй байгааг судалж, тариаланчдад зөвлөдөг.

Тариаланчдад ургамлаа өвчин, хортон, хог ургамлын хөнөөлөөс хамгаалахын тулд химийн пестицидийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Хэрэв пестицидийг зөв хэрэглэвэл ургацыг хамгаалж, хүнсний хомсдолоос сэргийлэх чухал ач холбогдолтой. Харин буруу хэрэглэвэл тухайн бодис ургамалд үлдэж, бидний идэж байгаа хүнсээр дамжин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгодог. Товчхондоо, бидний ажил бол ургамлыг эрүүл байлгаж, ургацыг нэмэгдүүлэх, эрүүл хүнсээр ард иргэдийг хангахад туслах явдал юм.

  • Өөрийн Ph.D‑ийн судалгааны чиглэлийг сонгохдоо юуг хамгийн чухал гэж үзсэн бэ? “Яагаад энэ чиглэлийг сонгосон бэ?”

Миний хувьд докторын судалгааны чиглэлийг сонгохдоо хамгийн түрүүнд өөрийн сонирхол, өмнө хуримтлуулсан туршлага, мөн Монгол Улсад хэрэгцээтэй, цаашид хөгжүүлэх боломжтой чиглэл байх ёстой гэж үзсэн.

2017 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ургамал хамгааллын хүрээлэнд докторын судалгаагаа хийх боломж олдсон. Энэ үед би удирдагч багш Wang Xifeng-д өөрийн судалгааны сонирхол, зорилгын талаар мэйл бичиж, ийнхүү түүний судалгааны багт элсэн орсон.

Миний ажилласан лаборатори нь үет таримлын вирусийн өвчний чиглэлээр дагнасан байсан ч би хэмх, лоолийн вирусийн өвчнөөр судалгаа хийх сонирхолтой байсан. Энэ сонирхол маань 2016 онд М.Бямбасүрэн удирдагчтай олон улсын төслийн хүрээнд хэмх, лоолийн вирусийн өвчний судалгаанд оролцож ажилласантай холбоотой. Тэр үед энэ чиглэлийн ач холбогдлыг илүү сайн ойлгож, цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон байсан.

Мөн төслийн үр дүнг Камбож улсад танилцуулах боломж гарч, олон улсын судлаачдын судалгааг сонсох үед тэд ургамлын вирусийн өвчнийг молекул биологийн түвшинд нарийвчлан судалж байгааг харсан нь надад маш их урам өгч, энэ чиглэлээр мэргэших шийдвэрийг улам бататгасан.

Ийнхүү багштайгаа хамтран судалгааны сэдвээ сонгож, ургамлын вирусийн өвчний чиглэлээр докторын ажлаа гүйцэтгэсэн. Энэ нь Монгол Улсад уг чиглэлээр нарийн мэргэшсэн судлаач болох суурийг тавьсан гэж үздэг.

Мөн энэ завшааныг ашиглан намайг дэмжиж, гадаадад суралцах боломжийг олгосон Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиргаа, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  • Гадаадад суралцаж / эсвэл гадаадын судалгааны байгууллага болон судлаачидтай ажиллаж байхдаа хамгийн ихээр суралцсан зүйл юу байсан бэ?

Гадаадад суралцаж, олон улсын судлаачидтай хамтран ажиллах хугацаанд хамгийн ихээр сурсан зүйл бол судалгааны ажлыг системтэй, шинжлэх ухааны өндөр түвшинд төлөвлөж, орчин үеийн арга зүйтэй хослуулан гүйцэтгэх чадвар байсан. Ялангуяа молекул биологи болон биоинформатикийн арга зүйг судалгаандаа өргөн ашиглах, олон улсын түвшинд үр дүнгээ тайлагнах, хамтран ажиллах соёл зэрэг нь надад маш их туршлага болсон.

Миний докторын судалгааны ажил нь RNA-seq болон биоинформатикийн аргыг ашиглан хулууны ургамлын виромын (virome) шинжилгээ хийхэд чиглэсэн. Энэхүү судалгааны хүрээнд нийт 14 төрлийн вирус илрүүлснээс 3 зүйл вирус шинээр илрүүлсэн. Мөн шинээр нээгдсэн эерэг утгатай нэг гинжин РНХ (+ssRNA) вирусын бүрэн геномын дарааллыг амжилттай тогтоосон нь судалгааны чухал үр дүн болсон.

Эдгээр ажлууд нь зөвхөн лабораторийн судалгаагаар хязгаарлагдахгүй, өгөгдлийн гүнзгий анализ, олон улсын судлаачидтай хамтран ажиллах, үр дүнг хамтран хэлэлцэх зэргээр илүү өргөн хүрээний туршлага хуримтлуулах боломжийг олгосон.

Мөн 2020 онд БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн “Excellent Student” шагналыг хүртсэн нь миний хувьд ихээхэн урам өгсөн, цаашдын судалгааны ажилд илүү хичээх түлхэц өгсөн чухал үйл явдал болсон.

  • Судалгааны явцад тулгарсан хамгийн том сорилт юу байв, хэрхэн давсан бэ?  
  • Алдаа судалгаанд ямар үүрэгтэй вэ?”
  • Та хамгийн том алдаанаасаа юу сурсан бэ?”

Судалгааны явцад тулгарсан хамгийн том сорилт бол шинэ арга зүй, ялангуяа RNA-seq   болон биоинформатикийн өгөгдөл боловсруулах, тайлбарлах ажил байсан. Анх энэ чиглэлээр ажиллаж эхлэхэд их хэмжээний өгөгдөлтэй ажиллах, түүнийг зөв боловсруулж, шинжлэх нь нэлээд хүндрэлтэй санагдаж байсан.

Үнэндээ энэ чиглэлээр анх удаа ажиллаж байсан болохоор олон удаа шантрах, бууж өгөх, бүр сэтгэлээр унах үе ч гарч байсан. Гэхдээ тэр бүхнийг би ганцаараа биш, лабораторийн хамт олон, оюутнууд, мөн багш нарынхаа дэмжлэгтэйгээр даван туулж чадсан. Багш, хамтран суралцагчдаасаа идэвхтэй суралцах, бие даан олон материал судлах, дахин дахин туршиж үзэх замаар аажмаар туршлага сууж эхэлсэн. Алдаа гаргах тохиолдол олон байсан ч түүнийгээ засаж, шалтгааныг нь ойлгож, дараагийн шатанд сайжруулж ажилласнаар энэ сорилтыг давж, өөрийгөө хөгжүүлэх боломж болгон хувиргаж чадсан гэж боддог.

Миний хувьд хамгийн том сургамж болсон зүйл бол судалгааны ажлыг яаравчлан дүгнэхгүй, үр дүнг олон талаас нь баталгаажуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон явдал. Зарим тохиолдолд эхний үр дүнг шууд зөв гэж үзэх хандлага гарч байсан ч дараагийн туршилтаар өөр үр дүн гарах тохиолдол байсан. Түүнээс хойш аливаа үр дүнг давтан туршилтаар баталгаажуулах, өгөгдлийг нягт шалгах, илүү болгоомжтой, системтэй хандах нь чухал гэдгийг ойлгож авсан. Энэ нь судлаач хүний хувьд чанартай, найдвартай үр дүн гаргах үндэс болдог гэж боддог.

  • Танай салбарын өнөөгийн түвшинг та хэрхэн үнэлж байна вэ? МУ энэ салбарт хаана зогсож байна. Бид юу хийх хэрэгтэй вэ?

Ургамлын өвчин судлал, ургамал хамгааллын салбар дэлхийн хэмжээнд маш хурдацтай хөгжиж байна. Ялангуяа молекул биологи, геномик, биоинформатикт суурилсан судалгаанууд эрчимтэй хөгжиж, өвчин үүсгэгчийг маш нарийвчлалтай тодорхойлох, тархалтыг урьдчилан таамаглах, тэсвэртэй сорт хөгжүүлэх боломжийг улам нэмэгдүүлж байна.

Харин Монгол Улсын хувьд энэ салбарын судалгаа тодорхой хэмжээнд хөгжиж байгаа ч дэлхийн хөгжлийн түвшинтэй харьцуулахад зарим талаар хоцрогдолтой хэвээр байна. Ялангуяа орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж, молекул биологийн дэвшилтэт арга зүй, хүний нөөцийн чадавх зэрэгт анхаарах шаардлага бий. Гэсэн хэдий ч манай УХЭШХ-ийн судлаачид боломжит нөхцөлдөө тулгуурлан чухал судалгаануудыг хийж, тодорхой үр дүнд хүрч байгаа.

Цаашид судалгааны баазыг сайжруулах, орчин үеийн арга зүйг нэвтрүүлэх, залуу судлаачдыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, тариаланчдад хүргэх тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай. Мөн ургамлын өвчний судалгаанд молекул биологи, геномик, биоинформатикийн арга зүйг илүү өргөн нэвтрүүлэх нь манай улсын энэ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж бодож байна.

  • Таны судалгааны ажил нь Монголд болон дэлхийд ямар нөлөөтэй гэж боддог вэ?

Монгол орны газар тариалангийн ургац алдах гол шалтгаануудын нэг нь ургамлын өвчин байдаг. Тариаланчдын хувьд ургац алдах нь эдийн засгийн хувьд ихээхэн хохирол дагуулдаг. Жишээ нь 2021 онд төмсний тариаланд фитофтор өвчний тархалтаас шалтгаалан ургац 50 хүртэл хувиар буурсан. Иймээс миний судалгааны ажил нь ургамлын өвчнийг зөв тодорхойлох, тархалтыг судлах замаар ургацын алдагдлыг бууруулж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг.

Харин дэлхийн түвшинд ургамлын өвчин үүсгэгчийн шинэ зүйл илрүүлэх, тэдгээрийн геномын мэдээллийг тогтоох судалгаа нь шинжлэх ухааны мэдлэгийг баяжуулах, цаашдын судалгаанд суурь өгөгдөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

  • Монголын залуу судлаачдад ямар зөвлөгөө өгөх вэ? Залуу судлаачдыг бэлтгэх, судалгаанд татан оролцуулах тал дээр ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байна гэж та харж байна вэ?

Залуу судлаачдад хандаж хэлэхэд хамгийн түрүүнд шинжлэн судлах чиглэлээ өөрийн сонирхолд нийцүүлэн зөв сонгож, зорилго зорилтдоо хүрэхэд тууштай, шаргуу байх нь чухал. Судалгааны ажил амар биш, олон удаагийн туршилт, алдаа шаарддаг учраас бууж өгөхгүй, тасралтгүй суралцах хэрэгтэй. Мөн англи хэл болон орчин үеийн судалгааны арга зүй, ялангуяа молекул биологи, өгөгдөл боловсруулах чадвараа хөгжүүлэхийг зөвлөмөөр байна. Залуу судлаачдыг бэлтгэхийн тулд хамгийн их хэрэгтэй зүйл бол практик орчин, судалгаанд бодитоор оролцох боломж юм. Оюутан байхаас нь лабораторийн ажилд татан оролцуулах, туршлагажуулах нь их чухал. Мөн гадаадын сургалт, хамтын ажиллагаанд хамруулах, орчин үеийн тоног төхөөрөмж, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр залуу судлаачид илүү өргөн мэдлэг, туршлагатай болж, Монголын шинжлэх ухааны салбарт бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

  • Ирээдүйн судалгааны зорилго, хийхээр төлөвлөсөн шинэ чиглэл юу байна?

Манай лабораторийн хувьд цаашид Монгол орны хөдөө аж ахуйн таримлын өвчний судалгааг үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ бэлчээрийн ургамлын өвчний судалгааг шинэ чиглэл болгон хөгжүүлэхээр зорьж байна. Бэлчээрийн ургамал нь мал аж ахуйн үндсэн суурь болдог тул тэдгээрийн өвчнийг судлах нь бэлчээрийн доройтол, малын тэжээлийн чанарт шууд нөлөөлөх чухал асуудал юм. Иймээс энэ чиглэлээр судалгааг өргөжүүлснээр хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, цаашлаад хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах зорилготой юм.

  • Орчин үеийн чиг хандлага Хиймэл оюун ухаан таны судалгаанд ямар өөрчлөлт авчирч байна вэ?
  • Follow-up:
  • “AI судлаачдыг орлох уу эсвэл туслах уу?” 
  • “Ирээдүйд хамгийн их нөлөө үзүүлэх технологи юу вэ?”

Хиймэл оюун ухаан нь манай судалгаанд их хэмжээний мэдээллийг хурдан, үр дүнтэй боловсруулахад хамгийн их өөрчлөлт авчирна гэж бодож байна. Өмнө нь олон хоног, заримдаа сар зарцуулдаг байсан өгөгдлийн анализыг богино хугацаанд хийх боломжтой болсон. Ялангуяа RNA-seq зэрэг нарийн судалгаанд AI ашигласнаар өвчин үүсгэгчийг илрүүлэх, ялгах ажил илүү хялбар, системтэй болж байна.

Миний бодлоор AI нь судлаачдыг орлох биш, харин хүчирхэг туслах хэрэгсэл болно. Судлаач хүний шүүмжлэлтэй сэтгэлгээ, асуудал тодорхойлох чадвар, судалгааны чиглэл сонгох шийдвэрийг AI орлох боломжгүй. Харин өгөгдөл боловсруулах, давтагддаг ажлуудыг хөнгөвчилж, судлаачийг илүү бүтээлч, шинэлэг ажилд төвлөрөхөд туслах болов уу гэж боддог доо.

Ирээдүйд хамгийн их нөлөө үзүүлэх технологи нь хиймэл оюун ухаан, геномик, биоинформатикийн хослол гэж үзэж байна. Эдгээр технологийг уялдуулан ашигласнаар ургамлын өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг урьдчилан таамаглах, тэсвэртэй сорт гарган авах боломж улам бүр нэмэгдэнэ гэж би бодож байна.