
![]()
Намайг Пунсанцогвоогийн Отгонсугар гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Япон хэлний орчуулагчаар, ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгссөн. 2016 оноос Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2025 онд Япон улсын Тохокүгийн Анагаах ухаан, Эмзүйн их сургуульд Эмзүйн ухааны докторын зэрэг хамгаалаад ирсэн. Миний судалгааны ажлын чиглэл ургамлын фитохими болон фармакологи, ялангуяа фармакогнозын судалгаа. Өөрөөр хэлбэл байгалийн нөөцөөс эмийн түүхий эд, биологийн идэвхтэй нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эмчилгээний үйлдлийг тогтоох чиглэлээр ажилладаг.
Мал эмнэлгийн сургуульд сурч байхдаа 2-р курст физиологийн дадлагын хичээл дээр мэлхийний хэлний хялгасан судсаар урсах нэг эгнээ улаан эсүүдийг хараад амьд организм, амьд шинжлэх ухаан ямар гайхалтай юм бэ гэж бодсон. Түүнээс хойш судалгааны ажилд дурлаж миний хийх ажил энэ л юм байна гэж бодож судлаач болохоор шийдсэн.
Миний бодлоор судлаач хүн гэдэг нь хийж буй ажлаараа дамжуулан шинэ мэдлэг бүтээж, асуудлын шийдлийг эрэлхийлж байдаг хүнийг хэлнэ. Тиймээс судлаач хүн маш сониуч, асуудлыг олон талаас нь харж, аливаад “яагаад” гэсэн өнцгөөс хандаж, түүнийхээ хариултыг олохын төлөө тууштай ажилладаг байх хэрэгтэй гэж боддог. Судалгааны ажил хийх явцад шантрах, халшрах үе олон гардаг. Тэр бүхэнд бууж өгөлгүй үргэлжлүүлэн ажиллах тууштай, дайчин, мөн хянуур нямбай чанар судлаач хүнд хамгийн чухал чадваруудын нэг болов уу.
Докторын судалгааны ажлаараа Монгол орны 3 зүйл эмийн ургамал (Лабын барагжаа, Сиверсийн шарилж, Долгионтсон гишүүнэ)-ын химийн найрлагыг тогтоож, бие махбодод үзүүлэх үйлчлэлийн механимзыг тайлах судалгаа хийсэн. Тэр дундаа Лабын барагжаа ургамалтай холбоотой дурсамж миний судалгааны ажлын эхлэл болсон гэж хэлж болно. Манай өвөө лам хүн байсан. Өвөө даалиндаа нэг нунтаг ногоо авч явдаг, тэрийгээ Баргажамба (Лабын барагжаа) гэж нэрлэдэг, том, жижиг шарх шалбархайд хийж бооход ер хувилж, үрэвсэхгүй хурдан эдгэрдэг байсан гэдэг. Аав, ээж хоёр маань малын эмч хүмүүс, малын төрөл бүрийн шарх, мэс заслын дараах шарханд хэрэглэхэд маш сайн үр дүн үзүүлдэг байсан нь сонирхлыг маань маш ихэд татдаг байсан л даа. Ажилд ороод, энэ чиглэлийн судалгаа хийж эхлээд уг ургамлын талаарх дотоод, гадаадын судалгааны мэдээлэл ховор байсан. Ингээд Монгол, Япон талын удирдагч багш нартайгаа ярилцаад Лабын барагжааны химийн найрлагын судалгааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус ургамлаас нийт 27 нэгдэл ялган цэвэршүүлж, бүтэц байгууламжийг нь тогтоосон бөгөөд үүнээс 8 нь урьд өмнө ургамлаас илрээгүй шинэ нэгдэл байсан. Мөн уламжлалт хэрэглээнд нь тулгуурлан цусны бүлэгнэлтийн тогтолцоонд оролцдог плазмин ферментийг дарангуйлах идэвхийг үнэлэхэд, ялган авсан зарим фракц болон цэвэр нэгдлүүд нь эерэг хяналтад ашигласан худалдааны бодисоос илүү өндөр идэвх үзүүлж байгааг тогтоосон. Одоогоор бактерийн эсрэг идэвхийн судалгааг хийж байна. Цаашдаа эмийн хөгжүүлэлтийн судалгаа хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна дээр дурдсан ургамлуудаас ялган цэвэршүүлсэн нэгдлүүдийн малын халдварт болон паразиттах өвчний үүсгэгчдийн эсрэг идэвхийг In-Vitro туршиж байна.
“Та хамгийн энгийн байдлаар мэргэжлийн бус хүмүүст тайлбарлавал яаж хэлэх вэ?”
Манай улс эмийн, хорт, бэлчээрийн болон тэжээлийн ач холбогдол бүхий ургамлын арвин баялаг нөөцтэй бөгөөд үүнтэй уялдан эртнээс уламжлалт хэрэглээ өргөн дэлгэр байсаар ирсэн. Тиймээс уламжлалт эмчилгээ болон туршлагатай малчдын хэрэглээний тайлагдаагүй мэдлэг, арга туршлагыг орчин үеийн шинжлэх ухааны аргаар тайлбарлах, баталгаажуулах, нотлох туршилт судалгааг хийдэг гэж ойлгож болно.
Судалгааны олон шинэ арга зүй, мэдлэг, мэдээлэл, хэл соёл гээд маш их зүйл сурсан. Үүнээс гадна миний хувьд хамгийн чухал нь ажил төлөвлөлт, цагийн менежмент байсан. Ажлаа жил, улирал, сар, долоо хоногоороо нарийн, урьдчилан төлөвлөж ажилладаг хандлага нь үнэхээр таалагдсан. Хийх ажил нь тодорхой, ойлгомжтой байдаг тул ажлын цагтаа бүрэн төвлөрч, өндөр бүтээмжтэй ажиллахад маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Гаднаас нь харахад маш завгүй, ачаалал ихтэй мэт санагдавч үнэндээ бүх зүйл нь системтэй, ойлгомжтой учраас илүү хялбар, үр дүнтэй байдаг юм байна. Ер нь бидэнд нийтлэг ажиглагддаг зүйл бол нэг хэсэгт нь сул чөлөөтэй байж байгаад, цагийг нь тулгаж өөртөө болон бусдад төвөг учруулах явдал их байдаг. Завтай ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байдал нь хүнийг их ядраадаг юм байна. Тиймээс ажлаа тодорхой төлөвлөж, цагийг зөв зохион байгуулах нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд ч маш чухал нөлөөтэй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Охин маань бага сургуульд сурдаг байсан. Хичээлийн жилийн эхэнд сургуулиас нь бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаад, сурагчдадаа хэвлээд тараачихдаг. Жилд зохион байгуулагддаг үйл ажиллагаа бүрийн хугацаа тодорхой тул эцэг эхчүүд түүнд нь уялдуулан эртнээс ажлаа төлөвлөх боломжтой, нөгөө талаараа хүүхдийг багаас нь ажил төлөвлөх зөв дадалд сургадаг юм байна гэж бодогдсон.
Дотоодод судалгааны ажил хийхэд тулгарсан хамгийн том сорилт нь “байхгүйн зовлон” (инээв). Нэг туршилт хийхэд хэрэгтэй урвалж, бодис, багаж, тоног төхөөрөмж олдохгүй үе их гардаг байсан. Эхлээд хүрээлэн дотроо хайж үзнэ, олдохгүй бол таньдаг хүмүүсээрээ дамжуулан гаднын байгууллагаас сураглах, хүсэлт тавих зэргээр зохицуулдаг байсан. Энэ явцад нэг чухал зүйлийг ойлгосон нь манайд байхгүй зүйл бусдад байж байдаг, харин бусдад байхгүй зүйл манайд байдаг. Тиймээс дотоод хамтын ажиллагаа маш чухал, байгаа боломжуудаа бүрэн ашиглаж, байгууллагууд хоорондоо илүү уялдаа холбоотой ажилласнаар олон асуудлыг илүү үр дүнтэй шийдэх боломжтой юм байна гэдгийг ойлгоод байгаа. Дашрамд, өнгөрсөн жилээс Хөдөө аж ахуй, биологийн салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ижил зорилготой, хүсэл тэмүүлэлтэй залуу судлаачидтай танилцаж, санаа бодлоо солилцох, салбар хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг өргөжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцлон хэлмээр байна.
Харин гадаадад судалгаа хийхэд алхам бүр нь боломж байдаг. Магадгүй нийтлэг тулгардаг сорилт нь хэлний бэрхшээл, соёлын ялгаа болов уу. Хичнээн сайн судлаач байсан ч хэл сайн биш бол өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, бусдыг сайн ойлгохгүй, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, үнэлэгдэхгүй шүү дээ.
Миний хувьд би өөрийгөө их азтайд тооцдог. Япон хэлтэй байсан нь миний давуу тал болсон. Мөн манай сургууль МУИС-тай олон жилийн хамтын ажиллагаатай багш нар маань Монголын нөхцөл байдлыг сайн мэддэг, Монголд их элэгтэй, сэтгэлтэй хүмүүс байдаг. Тиймээс тэнд хийж байгаа судалгааг Монголын нөхцөлд хэрхэн хийх боломжтой вэ гэдэг дээр нилээд ажилласан нь надад том сорилт бөгөөд чухал туршлага болсон.
"Алдаа судалгаанд ямар үүрэгтэй вэ?"
Судалгаанд алдаа маш чухал үүрэгтэй гэж боддог. Хамгийн гол нь алдаанаасаа суралцаад, дахин давтахгүй байх хэрэгтэй.
Монгол орны байгалийн нөөцөд тулгуурласан эмийн судалгаа, хөгжүүлэлт нь бэлчээрийн мал аж ахуйтай, энэ нь хүнсний гол эх үүсвэр болдог манай орны хувьд байгалийн гаралтай, аюулгүй эмийн түүхий эдийг судалж, мал сүргийн эрүүл мэндээр дамжуулан эцсийн дүндээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой. Үүнээс гадна импортын эм, бэлдмэлийн тээвэрлэлт, хадгалалт, гааль, логистикийн хүндрэлээс шалтгаалан чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэл тодорхой хэмжээнд байдаг. Иймээс байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дотоодын эмийн түүхий эдийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь импортыг орлох, улмаар гадагшаа урсах валютын хэмжээг бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаас дээр хэлсэнчлэн манай улс эмийн болон бэлчээрийн олон зүйл ургамалтай учраас тэдгээрийн химийн найрлага, биологийн идэвхийг судалснаар олон улсын түвшинд шинэ био идэвхт нэгдлүүдийг нээн илрүүлж, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж байгаа юм.
Юуны өмнө тууштай, хүлээцтэй байгаарай гэж хэлмээр байна. Манай улс шинжлэх ухааны салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийх цаг удахгүй ирнэ гэж найдаж байна. Тэр хүртэл өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, сонирхлоо алдалгүй ажиллах нь чухал. Өнөөдрийн байдлаар чадварлаг залуус маань мэдлэг, ур чадвараа илүү үнэлүүлэх боломжийг эрэлхийлж гадаадад ажиллах, эсвэл сурч боловсорсон орондоо үлдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь ойлгомжтой ч нөгөө талаас салбар бүрд залуус маань дуу хоолойгоо хүргэж, оролцоогоо нэмэгдүүлэх нь өөрчлөлт авчрахад чухал гэж боддог. Залуу судлаачдыг бэлтгэх, судалгаанд татан оролцуулахад хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл бол цалин, нийгмийн баталгаа. Манай салбарт цалин харьцангуй бага учраас олон залуус ажлаа орхиход хүрч байна. Тиймээс шинжлэх ухааны салбарт тогтвортой ажиллах орчин бүрдүүлэхийн тулд судлаачдын хөдөлмөрийг бодитоор үнэлж, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Монголдоо фитохими болон фармакологийн судалгааг илүү ахисан түвшинд хийж, эмийн шинэ технологи, хөгжүүлэлтийн судалгааг хийдэг болмоор байна. Ингэхийн тулд орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжийн бааз, тэдгээр дээр ажиллах чадвартай мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Иймээс ойрын ирээдүйд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгааны суурийг бэхжүүлэх нь энэхүү зорилгоо биелүүлэхэд чухал алхам гэж үзэж байгаа. Нөгөө талаас байгалийн нөөцөд тулгуурласан судалгаа хийж байгаа учраас эмийн ургамлын нөөц хомсдох, ховордох эрсдэлийг бодолцох шаардлагатай. Тиймээс цаашид зөвхөн байгалиас түүж ашиглах бус, эмийн ач холбогдол бүхий ургамлыг тарималжуулах, тогтвортой ашиглалтыг хангах чиглэлд ажиллах, хамтрахаар төлөвлөж байна. Мөн ургамлаас ялган авсан биологийн идэвхтэй нэгдлүүдийг нийлэгжүүлэх, бүтцийн хувьд сайжруулах судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн computer-based эмийн загварчлалын аргуудыг туршихаар зорьж байна. Ингэснээр нэгдлүүдийн үйлчлэлийн механизм, зорилтот бай молекулуудтай харилцан үйлчлэлийг урьдчилан таамаглах, шинэ эмийн кандидат нэгдлүүдийг тодорхойлох боломжийг бүрдүүлнэ.
Ойрын ирээдүйд AI судлаачдыг бүрэн орлох боломжгүй гэж бодож байна. Судалгаа гэдэг зөвхөн өгөгдөл боловсруулах биш, шинэ санаа гаргах, асуудлыг өөр өнцгөөс харах, туршилтын үр дүнг шүүн тунгаах зэрэг хүний сэтгэхүйн нарийн чадвар шаарддаг. Харин AI нь судлаачдын ажлыг маш их хөнгөвчилж, хурдасгаж өгч байгаа үнэнч туслах нь юм уу даа. Ирээдүйд хамгийн амжилттай судлаачид бол AI-г зөв ашиглаж чаддаг хүмүүс байх болов уу гэж бодож байна.