
![]()
- Та өөрийгөө болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Газарзүй, геологийн залуу эрдэмтдийн холбооны үйл ажиллагааг товч танилцуулна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 2016 оноос ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажлын гараагаа эхэлж, хот, бүс нутгийн газарзүй, хотын эдийн засаг, кластерын чиглэлээр дагнан судалгаа хийж байна. Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны дэргэдэх Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоонд 2022 онд нэгдэн орж 2022-2025 онд холбооны гүйцэтгэх захирлаар, 2025 оноос тэргүүний үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Манай холбоо нь газарзүй, геологи, хүрээлэн буй орчин судлалын чиглэлээр судалгаа явуулдаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй залуу судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн, 20 орчим жилийн түүхтэй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй холбоо юм. Бид залуу судлаачдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг.
- Монголын газарзүй, геологийн шинжлэх ухааны судалгааны өнөөгийн түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн арвин нөөц баялагтай Монгол Улсын хувьд газарзүй, геологийн салбарын судалгаа нь үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл геошинжлэх ухааны судлагдахуун нь байгалийн нөөцийн тархалт, ашиглалт, хамгаалалт, орон зай, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хөгжлийн асуудал болоод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг олон салбарын бодлогын үндэслэлийг тодорхойлж, улс орны хөгжлийн стратегитай нягт уялдаж байна.
Сүүлийн жилүүдэд манай салбарын судалгаа шинжилгээний цар хүрээ өргөжин тэлж, уламжлалт суурь судалгаанаас гадна хэрэглээний болон бодлого дэмжих чиглэл рүү эрчимтэй шилжиж байна. Ингэснээр судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын түвшинд илүү ашиглах болсон нь салбарын үнэлэмжийг өсгөж байгаа юм. Түүнчлэн судлаачдын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагаа ч мөн бэхжиж олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэж байна гэж хардаг.
- Танай салбарын залуу судлаачдад өнөөдөр хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна?
Өнөөдөр манай салбарын залуу судлаачдад тулгамдаж буй асуудал нь судалгааны ажлын тасралтгүй, урт хугацаанд хэрэгжих боломж, институтийн тогтвортой орчин гэж харж байна. Газарзүй, геологи, хүрээлэн буй орчны шинжлэх ухааны салбар нь урт хугацааны өгөгдөл, орон зайн шинжилгээнд тулгуурладаг гэдгээрээ онцлог. Гэтэл судалгааны төслүүдийн хэрэгжилтийн хугацаа богино, санхүүжилт бага, мөн судлаачид олон төрлийн ачаалал давхар үүрэх шаардлагатай байдаг нь нэг чиглэлд гүнзгийрч, тасралтгүй ажиллах боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Нөгөө талаас, судалгааны өгөгдлийн нэгдсэн тогтолцоо, түүний шинэчлэл, хөгжүүлэлт, ашиглалтын асуудалд онцгой анхаарах нь зүйтэй. Энэ нь судалгааны үр дүнг илүү гүнзгий, харьцуулсан, олон улсын түвшинд өрсөлдөхүйц болгоход шууд нөлөөлдөг.
- Газарзүй, геологийн салбарт залуу судлаачдыг бэлтгэх, судалгаанд татан оролцуулах тал дээр ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байна гэж та харж байна вэ?
Дээр хэлсэнчлэн залуу судлаачдыг бэлтгэх, судалгаанд татан оролцуулахын тулд зөвхөн богино хугацааны дэмжлэгээс гадна тодорхой чиглэлээр дагнан хөгжих боломж, судалгааны орчныг тогтвортой бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд оролцох нөхцөлийг нэмэгдүүлэх нь илүү чухал юм.
- Жил бүр зохион байгуулагддаг Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хуралд газарзүй, геологийн салбарын судалгааны оролцоо, онцлох чиглэлүүд юу байна?
Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан, технологийн салбарын залуу судлаачдын судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, харилцан туршлага солилцох, улмаар бодит амьдралд хэрэгжихүйц шийдэл, инновац бий болгох чухал индэр болж ирсэн. Энэ утгаараа тус хуралд газарзүй, геологийн салбарын оролцоо жилээс жилд өргөжин, агуулгын хувьд улам баяжиж байна. Манай салбарын хувьд Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд тулгамдаж буй хүрээлэн буй орчны өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн уялдаа зэрэг асуудлууд судалгааны гол чиглэл болдог. Үүнтэй холбоотойгоор газарзүй, геологи, цаг уур, уур амьсгал, хүрээлэн буй орчин, палеонтологийн чиглэлийн залуу судлаачид олон талт, уялдаа холбоотой судалгаануудыг танилцуулж ирсэн.
- Хиймэл оюун ухаан, дата анализ зэрэг шинэ технологиуд газарзүй, геологийн судалгаанд хэрхэн нэвтэрч байна вэ?
Орчин үеийн технологийн нэвтрэлт манай салбарт эрчимжиж байгаа бөгөөд “Хүрэлтогоот” болон “Best Paper Awards” зэрэг эрдэм шинжилгээний хурлуудад залуу судлаачдын ирүүлж буй бүтээлүүдээс харахад машин сургалт, хиймэл оюуны алгоритм, сүлжээний аргачлал, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийг өргөнөөр ашиглах хандлагатай байна. Эдгээр нь их хэмжээний өгөгдлийг хурдтай боловсруулах, орон зайн шинжилгээг илүү нарийвчлалтай хийх, байгалийн болон нийгэм-эдийн засгийн үзэгдлийн зүй тогтлыг илрүүлэх боломжийг олгодог. Тухайлбал, газрын бүрхэвчийн өөрчлөлт, уур амьсгалын нөлөөлөл, байгалийн нөөцийн тархалт, эрсдэлийн үнэлгээ зэрэг судалгаанд хиймэл оюунд суурилсан загварчлал, таамаглал улам бүр чухал байр суурь эзлэх болсон.
- Танай салбар холбоо ойрын хугацаанд залуу судлаачдыг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Манай холбоо ойрын хугацаанд залуу судлаачдыг дэмжих чиглэлээр хэд хэдэн шинэлэг арга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, газарзүйн болон геологийн салбарын судалгааны хамгийн чухал хэсэг болох хээрийн судалгааны туршлагыг залуу судлаачдад зориулж тогтмол зохион байгуулна. Энэ нь тэднийг судалгааны арга зүй, талбайн ажлын дадлага, өгөгдөл цуглуулах, шинжилгээ хийх чадвартай болгож, онолын мэдлэгээ практикт шууд туршиж үзэх боломжийг олгох юм. Үүнтэй зэрэгцээд, салбарын туршлагатай эрдэмтэн, судлаачидтай менторын зарчмаар хамтран ажиллах боломжтой системд шилжин залуу судлаачдын судалгааны үйл явцыг удирдах, зөвлөгөө авах, олон улсын стандартад нийцсэн аргачлалыг суралцах, мөн судалгааны чиглэлээ оновчтой тодорхойлох боломжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана. Нэмж хэлэхэд сонирхсон хүн бүхэнд манай холбооны үүд хаалга нээлттэй бөгөөд МЗЭХ-ны веб хуудсаар дамжуулан гишүүнээр элсэх боломжтой шүү.
- Залуу судлаачдад хандан та юу хэлэх вэ, Монголын газарзүй, геологийн салбар ирээдүйд ямар түвшинд хүрээсэй гэж та харж байна вэ?
Газарзүй, геологийн шинжлэх ухаан нь бүхэл ертөнцийг нэгдмэл цогцоор нь харах, байгаль орчны болон нийгэм-эдийн засгийн харилцан уялдааг ойлгох өргөн судлагдахуунтай салбар юм. Энэ утгаараа Монгол орны нийгэм, эдийн засаг, урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд гол байр суурь эзэлж, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хүрээлэн буй орчны хамгаалал, хотжилт, бүс нутгийн хөгжил зэрэг шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлж байна. Цаашид энэ салбар нь Монгол орны хөгжилд оруулах бодит хувь нэмрээ нэмэгдүүлж, олон улсын түвшинд нэр хүндтэй, өгөгдөлд суурилсан, чанартай судалгааны бүтээлүүдээр танигдсан байр сууриа улам бэхжүүлэх шаардлагатай. Энэ зорилгод хүрэхэд залуу судлаачдын үүрэг онцгой чухал бөгөөд тэдний мэдлэг, ур чадвар, шинэ санаачилга нь салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл гэж үзэж байна.