"Хиймэл оюун ухаан судалгааны арга зүйг өөрчилж чанаржуулж байна”

"Хиймэл оюун ухаан судалгааны арга зүйг өөрчилж чанаржуулж байна”

ТүгээхShare共有する공유하기

- Та өөрийгөө болон Байгалийн ухааны салбар холбооны үйл ажиллагааг товч танилцуулна уу?

Миний хувьд анх 2008 онд ШУА-ийн ФТХ-д гэрээт судлаачаар оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн бөгөөд их сургуулиа төгсөөд 2009 оноос хуучнаар ШУА-ийн Информатикийн хүрээлэнд ЭША-аар орж одоо Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Мэргэжлийн хувьд компьютерын ухааны суурьтай бөгөөд сүүлийн үед өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюуны чиглэлийн судалгаа хийж байна.

Анх 2009 онд Байгалийн ухааны салбарын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхлэн 2012-2016 онд Гүйцэтгэх захирлаар, 2025 оноос эхлэн салбар холбооныхоо Тэргүүнээр тус тус ажиллаж байна. Манай салбар холбооны хувьд 1999 онд байгуулагдаж байсан анхны залуу эрдэмтдийн холбоо бөгөөд 2003 онд Монголын залуу эрдэмтдийн холбоог байгуулагдахад салбар холбоогоор элсэн орж байсан ууган холбоо гэдгээрээ онцлогтой. Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо маань физик, хими, биологи, математик, компьютерын ухаан болон тэдгээртэй уялдсан суурь болон хэрэглээний судалгааны чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийгэм болоод бодлого боловсруулах түвшинд ойртуулах зорилготой ажилладаг.

Үйл ажиллагааны хувьд Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хурал, Залуусаас залууст семинар, төрөл бүрийн чөлөөт арга хэмжээнүүд болон семинар, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, залуу эрдэмтдийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн нийгэмд чиглэсэн төрөл бүрийн сургалт, хэлэлцүүлгүүд болон ЕБС-ийн сурагчдад зориулсан байгалийн ухааны мэргэжил сурталчлах лекцийг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай.

- Монголын байгалийн ухааны судалгааны өнөөгийн хөгжлийг та хэрхэн үнэлж байна вэ?

Монголын байгалийн ухааны чиглэлийн судалгаа чанарын хувьд ахицтай байгаа гэж үздэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагаа, гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд залуу судлаачдыг докторантурт болон богино хугацааны сургалтад хамруулах ажил эрчимжсэн байна. Жишээ татахад ШУА-ийн 2021–2024 оны тайланд 73 судлаач гадаадад докторантурт суралцаж, 230 орчим судлаач богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэж дурдсан нь үүнийг нотлох байх.

Гэхдээ нөгөө талдаа санхүүжилтийн хүрэлцээ, орчин үеийн тоног төхөөрөмжийн хүртээмж, лабораторийн шинэчлэл, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай хэвээр байна. Тиймээс судлаачдын чадавх өсөж байгаа ч дэмжлэгийг бодлогын түвшинд авчрах шаардлагатай үе гэж хөгжлийн үнэлэх болов уу.

- Физик, хими, математик зэрэг суурь шинжлэх ухааны судалгаа нийгмийн хөгжилд ямар ач холбогдолтой гэж та үздэг вэ?

Мэдээж эдгээр суурь шинжлэх ухаанууд одоогийн бүх технологийн хөгжил, инновацын үндэс юм. Математикийн шинжлэх ухаан бол одоогийн тренд болоод байгаа бүх загварчлал, тооцоолол, хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээний суурийг тавьдаг шинжлэх ухаан гэдгийг та бүхэн мэднэ. Физикийн шинжлэх ухаан нь материал судлал, эрчим хүч, электроник, хэмжилзүй зэрэг чухал салбаруудын үндэс болдог. Харин химийн шинжлэх ухаан нь анагаах, эм зүй, шинэ материал, хүнсний технологи, байгаль орчны технологи, уул уурхай, үйлдвэрлэлийн зэрэг бүхий л чухал салбаруудын гол тулгуур нь болдог шүү дээ. Тэгэхээр эндээс дүгнээд үзвэл эдгээр суурь шинжлэх ухаанууд шууд маргааш бүтээгдэхүүн болоод гараад ирэхгүй ч гэсэн урт хугацаандаа тухайн улсын инновац технологийн чадавх, боловсролын чанар төдийгүй цаашлаад улс орны тусгаар тогтнолыг тодорхойлдог стратегийн гол хүчин зүйл гэж үздэг.

- Залуу судлаачдыг байгалийн ухааны салбарт татан оролцуулахад тулгамдаж буй гол бэрхшээлүүд юу байна?

Яг энэ асуудал бол бидний хамгийн том асуудал болоод байгаа. ШУА-иар жишээ авч байгаа нь би өөрөө ШУА-д ажиллаж байгаа учраас мэдээлэл нь арай ойр байгааг ойлгоорой. ШУА-ийн тайланд 35 хүртэлх насныхан нийт эрдэм шинжилгээний ажилтны 37% орчмыг эзэлж байгаа нь шинжлэх ухааны салбаруудад залуу үе ихээр орж ирж байгааг харуулж байна. Гэхдээ тэднийг удаан хугацаанд тогтоон барихын тулд нийгмийн баталгаа цалин хангамжийн хүрэлцээ, грант, тэтгэлэг зэрэг тогтвортой санхүүжилт, чанартай судалгааны орчин чухал. Орчин үеийн залуучууд бидний хэлдгээр Z үеийнхэн /инээв/ шинжлэх ухааны салбарт ажиллуулахын тулд бидний үеийнхэн шиг зөвхөн сонирхол сайн дураар нь биш, ажлын болон нийгмийн тогтвортой нөхцөл, сайн удирдагч, чанартай лаборатори, хамтын сүлжээ буюу бидний хэлээр Networking-уудыг сайжруулах хэрэгтэй.

Мөн ялангуяа сүүлийн үед байгалийн ухааны мэргэжлээр суралцахаар сонгон орж ирж байгаа оюутны тоо цөөрч байгаа нь том асуудал болоод байгаа. Ярилцлагын эхэнд дурдаж байсан ЕБС-ийн сурагчдад зориулсан байгалийн ухааны мэргэжил сурталчлах лекцийг анх миний бие санаачилж манай салбар холбооноос "STEM COMPASS” нэрээр 10 дахь жилдээ сар бүр зохион байгуулж бараг л манай брэнд ажлуудын нэг болоод байгаа. Хоёр жилийн өмнө бид Ховд аймгийн Манхан сумын сургуульд очиж энэ лекцээ тавихад тухайн жил л гэхэд бидний мэдэж байгаагаар МУИС-ийн Биологийн тэнхимд Манхан сумаас 6 оюутан ирсэн байсан. Бидний мэдээгүй олон ийм жишээ байгаа гэдэгт итгэдэг. Энэ нь бидний нийгэмдээ оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж боддог. Энэ мэтчилэн зөвхөн байгалийн ухаан гэлтгүй шинжлэх ухаанд залуу үеэ татан оролцуулахад судлаачид бидний өөрсдийн оролцоо мөн чухал санагддаг.

- Маш гоё жишээ байна. Танай салбарын судлаачид Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хуралд ямар судалгааны чиглэлүүдийг түлхүү танилцуулж байна вэ?

Байгалийн ухааны салбарын Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хуралд уламжлалт болон шинэ технологи бүхий хэрэглээний судалгаанууд хосолж орж ирж байна. Дурдвал материал судлал, онолын болон хэрэглээний физик, химийн шинж чанарын судалгаа, молекул биологи, молекул генетик, математик тооцоолол, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун зэрэг чиглэлүүд түлхүү орж ирж байгаа нь уламжлалт суурь судалгаанаас гадна өндөр ач холбогдолтой орчин үеийн тренд сэдвүүд хүчтэй орж ирж байгаа.

- Олон улсын хамтын ажиллагаа болон хамтарсан судалгааны боломжууд Монголын залуу судлаачдад хэр нээлттэй байна вэ?

Ерөнхийдөө сүүлийн үед илүү нээлттэй болсон санагддаг. Эрдэм шинжилгээний хүрээлэн болон их, дээд сургуулиудын шугамаар гадаадын их сургууль, академи, хүрээлэнтэй хамтарсан сургалт, богино хугацааны солилцоо, магистр, докторантурын сургалтад хамрагдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж илүү нэмэгдэж байна.

Гэхдээ хэлний чадвар, олон улсын төслийн санал бичих мэдлэг, судлаачийн ур чанар, судалгааны тогтвортой санхүүжилт зэрэг нь эдгээр боломжийг ашиглахад нөлөөлдөг. Иймээс боломж нээлттэй байгаа ч тэдгээрт хүрэх чадавхыг системтэй дэмжих шаардлагатай.

- Байгалийн ухааны салбарт шинэ технологи, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлүүд судалгаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Сүүлийн үеийн шинэ технологиуд, ялангуяа хиймэл оюун ухаан нь байгалийн ухааны чиглэлийн судалгааны арга зүйг өөрчилж чанаржуулж байна. Өгөгдлийн хэмжээ болон чанар өсөхийн хэрээр хиймэл оюун, машин сургалт, өндөр тооцоолол, симуляци, загварчлал зэрэг аргууд өргөн ашиглагдаж байна.

Математик компьютерын тооцооллын болон машин сургалтын аргуудыг ашиглан физик, химийн туршилтын өгөгдлийг хурдан боловсруулах, биологийн өгөгдлөөс зүй тогтол илрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан таамаглах загвар байгуулах боломжтой болсон. Энэ нь зөвхөн судалгааны хурдыг нэмэхгүй, илүү нарийн, олон хэмжээст дүн шинжилгээ хийх боломж олгож байна.

- Ирээдүйд Монголын байгалийн ухааны судалгааг хөгжүүлэхэд хамгийн их анхаарах шаардлагатай чиглэлүүд юу гэж та үзэж байна вэ?

Нэгдүгээрт, суурь судалгааны тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, лаборатори, тоног төхөөрөмж, өгөгдлийн дэд бүтцийг шинэчлэх шаардлагатай. Гуравдугаарт, залуу судлаачдын карьер хөгжлийн шатлал, цалин урамшуулал, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дэмжих бодлого чухал.

Мөн салбар хоорондын судалгааг түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр ихэнх томоохон сорилтууд дан ганц физик, хими, математик гэлтгүй эдгээрийн огтлолцол дээр шийдэгдэж байна. Тиймээс хиймэл оюун, өгөгдөлд суурилсан шинжлэх ухааны салбаруудын огтлолцлыг бодлогоор дэмжих нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна.

- Байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, залуу судлаачдад хандаж та юу зөвлөх вэ?

Байшин барьж эхлэхэд хамгийн түрүүнд сууриа маш сайн цутгах хэрэгтэй гэдэг шиг шинжлэх ухааны суурь мэдлэгээ маш сайн тавих нь мэдээж хамгийн чухал. Дээр нь математик сэтгэлгээ, судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах чадвар, мэргэжлийн англи хэл бол залуу судлаачдад зайлшгүй хэрэгтэй үндсэн хэрэгсэл юм.

Хоёрдугаарт, эртнээс судалгааны багт орж ажиллаж үзэх, хурал семинаруудад оролцож, эрдэм шинжилгээний өгүүлэл уншиж өөрийгөө хөгжүүлэх.

Гуравдугаарт, зөвхөн диплом авах, эсвэл цалин авахын төлөө биш, асуудал шийдэхийн төлөө шинжлэх ухаанд хандах хэрэгтэй. Өнөөдрийн шинжлэх ухаан бол ганцаарчилсан тоглолт хийх биш, хамтын ажиллагаанд суурилсан, өгөгдөлд тулгуурласан орчин болсон. Товчхондоо бол хэлний болон математик, өгөгдлийн шинжилгээ, судалгааны арга зүйн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар чадвар болон зөөлөн ур чадваруудаа зэрэг хөгжүүлээрэй. Судалгааны үр дүн гарах нь удаан ч үр дүн нэгэнт гарсан бол хамгийн урт настай хөрөнгө оруулалт юм шүү гэж хэлээд залуу судлаачдадаа амжилт хүсье.