
![]()
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-г шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилчин залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн 2004 онд анх нэгдэж үүсгэн байгуулсан. 20 гаруй жилийн хугацаанд бид 7 салбар холбоотой, 700 гаруй гишүүдтэй залуу судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлсэн томоохон төрийн бус байгууллага болсон. Миний хувьд 2025 оноос эхлэн МЗЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Бидний зорилго залуу судлаачид эрдэмтдээ дэмжих, зөвхөн тухайн салбартаа биш бусад салбарынхаа судлаачидтай нэгдэж танилцах, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан урам зориг түгээх юм. Мөн гадаад харилцааг өргөжүүлж бусад орны залуу эрдэмтийн холбоотой хамтран ажиллахаар зорьж байна.
Жил ирэх тусам салбар салбарын залуу судлаачдын ур чадвар сайжирч, олон улсын судлаач нартай өрсөлдөж шинжлэх ухааны ололт амжилтыг ахиулж байна. Судлаач нарын нэг чухал үзүүлэлт бол олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгаагаа нийтлүүлэх байдаг. Манай холбооноос жил бүр шилдэг судлаачийг зарлаж сонгон шалгаруулдаг. Энэ шалгаруулалтаар олон чадвартай залуучууд өрсөлдөж жил ирэх тусам л үзүүлэлтүүд нь нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн жилийн шилдэг судлаач тухайлбал хатуу диатомик молекулын системийн илүүдэл чөлөөт энерги ба илүүдэл химийн потенциалыг үнэн зөв, нарийвчлалтай тодорхойлох шинэ арга зүйг бий болгосноор шингэн ба молекулын системийн онолын тооцоололд томоохон ахиц гаргасан өндөр практик ач холбогдолтой судалгааг хийж олон улсын сэтгүүлд бие даан хэвлүүлсэн байсан. Олон улсын сэтгүүлд хэвлүүлэх нь тухайн судлаачийн ур чадвар, мэдлэгийг сорьж үнэлэхээс гадна Монгол улсын шинжлэх ухааны хөгжил, нэр хүндийг ч мөн сурталчилж, таниулдаг ач холбогдолтой байдаг гэж би боддог. Тэгэхээр залуу судлаачид маань Монгол улсаа тодорхой хэмжээнд сурталчилж ур чадвараа таниулж байна гэж ойлгож болно.
Хүрэлтогоот ЭШХ маань жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж залуучуудын дунд оюуны олимп болсон байна. Энэхүү хурлыг эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан, Их дээд сургуулиуд болон хувийн хэвшлүүд хамтран дэмжиж оролцдог. Энэ нь залуу судлаачдад маш их урам зориг, судалгааныхаа үр дүнг эдгээр оролцогчдын өмнө танилцуулах боломж болдог. Энэ хурлын зохион байгуулалтыг ч мөн манай 7 салбар холбоодын залуучууд маань маш сайн зохион байгуулж байна. Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн илтгэл тавихаас гадна Хүрэлтогоот сэтгүүлд өгүүлэл нь хэвлэгдэж гардаг. Жилээс жилд оролцогчдын судалгааны бүтээл сайжирч хиймэл оюун ухаан ашиглах, машин сургалтын аргыг нэвтрүүлсэн мөн шинэ материалын судалгаанууд ихээр танилцуулагдаж байна.
Залуу судлаачдыг дэмжих бодлогын хүрээнд Хүрэлтогоот ЭШХ, үндэсний чуулганыг 4 жилд нэг удаа зохион байгуулж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэр гаргагч нарт хүргэхээр зорьдог. Хувийн хэвшлүүд эрдэм шинжилгээний хурлуудад оролцож нэрэмжит грантуудыг өгч судлаач нарыг дэмжин урамшуулж байна. Энэ жилийн хувьд бид Монос Групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 100 сая төгрөгийн дэмжлэгийг авсан нь залуу судлаач нарт зориулж хэрэгжүүлэх сургалт, төсөл, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад маш том дэмжлэг болж байна.
Цааш цаашдаа хувийн хэвшлүүдтэй манай холбооны зүгээс хамтран ажиллахад нээлттэй. Залуу судлаачдыг төсөлд хамруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Судлаачид хиймэл оюун, шинэ материал, инновацын судалгааг маш чадварлаг гүйцэтгэдэг. Энэ чиглэл дээр судлаач нарыг дэмжихээр мөн зорилт тавин ажиллаж байна
Бид жил бүр судлаачдадаа зориулан хувь хүний хөгжил болоод хоорондоо танилцаж хамтран ажиллах боломжийг бүрдүүлж Зангиагүй уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 3 сарын сүүлээр хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн зангиагүй уулзалтын онцлог нь Хүрэлтогоот хурлаасаа гарсан шилдэг судалгааг олонд таниулах, залуу судлаач нараа таниулах , нетворкинг сайжруулахад чиглэж байна. Энэ уулзалтаар зөвхөн гишүүдээсээ гадна манай холбооны үйл ажиллагааг сонирхсон, хамтарч ажиллах, гишүүнээр орох сонирхолтой хүн бүрд нээлттэй.
Ирээдүйн шинжлэх ухаан бол олон салбарын огтлолцолд суурилсан, хиймэл оюун ба дата шинжилгээг гол хөдөлгөгч хүч болгон ашигладаг, инновацын үр дүнг эдийн засагт шууд холбодог шинэ экосистем рүү хурдтай шилжиж байна гэж бид харж байна. Монголын залуу эрдэмтдийн хувьд Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, онлайн сургалт чадавхжуулах хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээний хурал, судлаачдын бүтээлийг таниулах, салбар дундын судалгаа төсөл хэрэгжүүлэхэд гүүр болж ажиллах эхлэлүүдийг тавин ажиллаж байна.
Төгсгөлд нь Монголын залуу эрдэмтдийн холбооны вэбсайт болох www.mysa.mn платформоор дамжуулан бүх мэдээ мэдээллээ түгээдэг. Мөн гишүүнээр элсэх, хамтран ажиллах хүсэлтүүдийн нээлттэй хүлээн авдаг. Залуу судлаачид маань манай холбоонд нэгдэж өөрсдийнхөө хүсэл зорилгоо таниулж салбар хоорондын судалгааг хийх боломжийг эрэлхийлээсэй гэж хүсэж байна.