Мэдээ мэдээлэл

11-р сар 26

Шилдэг Залуу Эрдэмтэн

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” медалийг ШУ-ны салбарт манлайлан ажиллаж байгаа, инновацийг нэвтрүүлсэн, гадаад дотоодод бүтээл нь танигдсан, тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдмийн зэрэг хамгаалсан 45 хүртэлх насны залуу эрдэмтэнд олгодог журамтай билээ.

Салбар холбоод энэхүү журмын дагуу өөрийн салбарын оны шилдэг залуу судлаачдаа шалгаруулахаас гадна салбараас шалгарсан нэг хүний материалаа МЗЭХ-ны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” медальд нэр дэвшүүлэн ирүүлнэ үү.

9-р сар 06

Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтний шагналд нэр дэвшүүлэх тухай

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагналыг жил бүр зарлан урамшуулдаг уламжлал тогтсон билээ.

Уг шагнал нь Биологи, Математик болон Хими, Физик гэсэн чиглэлээр ээлжлэн явагддаг бөгөөд энэ жил Хими, Физикийн чиглэлээр олгогдох юм.

Иймд энэ салбарын 40 (2012.09.30) хүртэлх насны эрдэмтэн залуу судлаачдыг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

2-р сар 16

Шинжлэх ухааны Академи 2012 оныг “Залуу Эрдэмтдийг Дэмжих Жил” болголлоо

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болсон бөгөөд чуулганаар 2011 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын зорилтуудаа тодорхойлов.

Шинжлэх ухааны салбарт 1200 эрдэм шинжилгээний ажилтан байгаагаас 700 гаруй нь залуу судлаачид байна. Иймд шинжлэх ухааны салбарын залуу судлаачид, тэдний нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллах нь зайлшгүй шаардлагатай гэж үзээд 2012 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон ажиллахаар ШУА-ийн Их чуулганаас шийдвэрлэлээ.

11-р сар 27

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдийг шагналаа

Судалгаа шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, авьяаслаг залуу судлаачдыг хөхүүлэн дэмжих, шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах зорилгоор жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардууллаа.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын 2011 оны эздээр ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат, Японы Чиба үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр нар тодорлоо.

ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул нь “Микрон хэмжээстэй усан дусал дотор явагдах урвалаар нано материал гарган авах нь” сэдэвт судалгааны ажлаараа нанолитр эзлэхүүн бүхий усан дуслууд дотор хими биологийн төрөл бүрийн урвал явуулж шинэ төрлийн материал гарган авч, Монгол Улсад нанотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат нь 3D дүрс болон гурван хэмжээст дэлгэцийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж, бүтээлээ өндөр хөгжилтэй орнуудад нийтлүүлэн цахим технологийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсан байна.

Японы Чиба Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр нь “NKT эсийн хөгжил, түүний механизм” сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм.

Шагнал авсан залуу судлаачдаа ажлын амжилт хүсье.

Эрдэм номын гэгээн үйл мөнхөд бадартугай.

5-р сар 18

Салбар холбоодод

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо ОХУ-ын Буриадын Залуу Эрдэмтдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ зун хамтарсан аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд 2 талаас нийт 20-н залуу судлаачийг хамруулахаар төлөвлөөд байна. Нийт 11 хоног аялах ба Монголын талд 6, ОХУ-ын талд 7 хоног аялана.