Мэдээ мэдээлэл

2-р сар 03 Written by 

Биологи, ХАА-н салбарын грантын эзэн М.Ууганзаяа

Rate this item
(0 votes)

Сайн байцгаана уу? Бид сар бүр Хүрэлтогоот-2012 ЭШМЗЭХ-ноос Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд Биологи, Хөдөө Аж Ахуйн салбараас түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэжээлийн ургамлын эдийн өсгөврийн лабораторын эрдэм шинжилгээний ажилтан М.Ууганзаяаг танилцуулж байна. Тэрээр Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний хуралд “ Царгас (Medicago varia Marthz.cv) –ны in vitro үржүүлэг болон абиотек стресст тэсвэржүүлэх генийн трансформацийн системийн тохируулга” сэдэвт судалгааны ажлаар илтгэл тавин оролцон түрүүлсэн юм.

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

М.УуганзаяаНамайг Мягмаржавын Ууганзаяа гэдэг. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 2004 онд 10 жилийн сургуулиа дүүргэж, 2008 онд ХААИС-ийн биотехнологийн ангийг улаан дипломтой төгссөн. 2012 онд БНСУ-ын Хангён Үндэсний их сургуульд ургамлын биотехнологи-генийн инженерчлэлийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Одоо Ж.Самбуугийн нэрэмжит Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний хүрээлэн (МААЭШХ)-ийн тэжээлийн ургамлын эдийн өсгөврийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

Яагаад судалгааны ажил хийх сонирхолтой болсон бэ?

Арван жилийн сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ? Ямар мэргэжил эзэмшвэл дээр вэ? гэдэг түгээмэл асуулт тулгардаг. Миний хувьд 10 ангиа төгсөх жил ээжийн минь нагац ах докторын зэрэг амжилттай хамгааллаа хэмээн гэр бүл хамаатан садан, ах дүү нар цөм баяр болж байлаа. Манай гэрийнхэн ч ялгаагүй. Ингээд миний дотор нууцхан бодол төрж би ч гэсэн ирээдүйд доктор болж аав ээж, гэр бүлийнхэнийгээ ингэж баярлуулах юмсан гэсэн хүсэлд хөтлөгдөн нагац ахынхаа төгссөн сургуульд материлаа бүрдүүлээд явуултал конкурсын урьд ХААИС-д суралцах урилга ирсэн юм. Тус сургуульд элсэн суралцаж 3-р курсэд байхдаа доктор, дэд профессор Х.Алтанцэцэг багшийн удирдлага дор “Дээд мөөгний эслэг задлагч ферментийн идэвхийг судалсан дүн” нэртэй дипломын ажлыг хийж энэ сэдвээрээ ХААИС-ийн шилдэг оюутны илтгэлийн 3-р байрыг эзэлж магнайгаа хагартал баярлаж байсан үе маань өчигдөрхөн юм шиг санагдаж байгаа ч хэдийнээ 4 жил өнгөрсөн байна. Энэ судалгаанд бид сүрэл, арвай, модны үртэс, хаягдал цаас, хатсан навч зэргийг мөөгний мицелиэр баяжуулсны дараа эслэгийн хэмжээг бууруулан уургийн хэмжээг нэмэгдүүлэх замаар малын тэжээлд ашиглах боломж байгаа гэдгийг харуулсан юм.

Таны судалгаа малын тэжээлийн үнэт таримал болох царгасыг эдийг өсгөвөрийн аргаар ургуулах тухай байсан. Мөн энэ Солонгосын Хангён Үндэсний их сургуулийн төлөөлөлтөй хамтарч явуулсан судалгаа юу? Та судалгааныхаа ажлын талаар мөн судалгааны багийн талаар ерөнхийд нь танилцуулахгүй юу?

М.УуганзаяаТиймээ, энэ судалгаа БНСУ-ын Хангён Үндэсний Их сургууль болон ХААИС-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу магистрийн зэрэг горилсон бүтээлийн хэсэг байсан юм. Байгал цаг уурын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж бэлчээр талхлагдан, өвөл хаврын улиралд мал сүрэг өвс тэжээлийн хомсдолд орж байгаа өнөө үед ган болон хүйтэнд тэсвэртэй генийг тэжээлийн шимт чанар өндөртэй үнэт таримал болох царгаст шилжүүлэн суулгах, улмаар шинэ шинж чанар нөхцөлдүүлдэг ген агуулсан трансген ургамал гарган авах тохируулгыг тогтоосон юм. Энэ судалгааны дүнд бид монгол оронд ургаж буй царгасанд ген шижүүлэх өөрийн гэсэн протоколыг бий болгож чадсан. Судалгааны ажлын удирдагч тус сургуулийн доктор профессор Ким Тэ Ван, доктор Ку Тэ Сок байсан бөгөөд доктор Ку ургамалд гадны ген шилжүүлэн суулгах талаар Америкт 20 гаруй жил ажилласан, проф Ким Герман улсад 8 жил ажилласан туршлагатай эрдэмтэд байдаг юм.

Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Залуу эрдэмтэн судлаачдын Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хуралд ШУ-ы салбар тус бүрээс судалгааны ажлын цар хүрээ, ур чадвар, мэдлэг зэргээр бусдыгаа манлайлан оролцсон судлаачид оролцдог бөгөөд энэ хуралд оролцогсод өөрсдийн хийсэн судалгааны ажлаа бусдад танилцуулах, эх орны өмнө тулгараад байгаа асуудлуудыг нээх түүнийг шийдвэрлэх зэрэгт шинэ санаа өгдөг гэж ойлгодог. Энэ хурал шилдэг хүмүүсийн дунд нэгэн өдрийг үр бүтээлээр дүүрэн өнгөрөөж, ганзага дүүрэн буцсан амьдралын минь хуудсанд гэгээн сайхан дурсамж үлдээсэн.

Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Хийж буй ажилдаа хариуцлагатай ханддаг, аливаа юмны цаад учрыг олохыг хичээн эрмэлздэг, цаг сайн ашигладаг, сэтгэх чадвар сайтай байх хэрэгтэй.

МЗЭХ-ноос залуу эрдэмтэн, судлаачиддаа зориулсан ямар үйл ажиллагааг хүсэн хүлээдэг вэ?

МЗЭХ нь маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэж би хувьдаа ойлгодог. Жишээлбэл “Хүрэлтогоот”-ын семинар, докторын дараах судалгааны тэтгэлэг гэх мэтчилэн. Ийм ч учраас залуу судлаач, эрдэмтдийн дунд энэ холбооны бүхий л үйл ажиллагаа нэр хүндтэй байдаг.

МЗЭХ-ны ирээдүйн гишүүн залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг...

"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийг амьдралын мөрдлөг болгон аливаа хийх гэж буй зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл үр дүн нь хэзээ нэг өдөр заавал ирнэ гэдэгт бат итгээрэй. Бас мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зорилтоо байнга санаж явах хэрэгтэй.

2503
Login to post comments