Мэдээ мэдээлэл

4-р сар 01 Written by  Ч.Ундармаа

"Хүрэлтогоот-2012" Анагаах ухааны салбарын грантын эзэн Ц. Сарангуа

Rate this item
(0 votes)

Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах ухааны салбараас түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Арьсны өвчин судлалын үндэсний төвийн (АӨСҮТ) 2-р тасгийн эрхлэгч, их эмч Ц. Сарангуаг танилцуулж байна. Тэрээр Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний хуралд “Улаанбаатар хотын эрүүл монгол хүний нүүрний арьсны физиологи ба Demodex Folliculorum хачигны хамаарал” сэдэвт судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэн оролцож грантын эзэн болсон билээ.

Ц.СарангуаСайн байна уу? Юуны өмнө та өөрийнхөө тухай бидэнд товч танилцуулаач.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Цэрмаагийн Сарангуа гэдэг. 1996 онд арван жилийн 33-р дунд сургуулийг төгссөн. 2002 онд АУИС-ийг хүний их эмч мэрэгжлээр төгсөж, 2005 онд ЭМШУИС-ийн МДИ-ийн арьс гоо заслын резидентурыг төгсөөд түүнээс хойш АӨСҮТ-д арьс гоо заслын их эмчээр ажиллаж байна. 2009 онд АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. 2009 оноос ЭМШУИС-ын МДА-ны докторантурт элсэн суралцаж байна.

Та яагаад арьсны өвчин судлалын чиглэлээр судалгааны ажил хийх болсон бэ?

Сүүлийн жилүүдэд бидний амьдарч буй орчин, хэрэглээ, ахуй нөхцөл бүгд өөрчлөгдөн үүнтэй уялдаад арьсны эмгэгүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол орны хувьд арьс харшлын чиглэлээр суурь судалгаанууд бага хийгдсэн байдаг. Би өөрөө арьсны чиглэлээр ажиллаж байна. Иймд бид энэ судалгааны ажлаа эхлүүлсэн.

Та судалгааныхаа ажилдаа өөрийн орны нөхцөлд эрүүл монгол хүний нүүрний арьсний физиологи болон гадаргуугийн хүчиллэг-шүлтжилт (pH)-ийн тэнцвэрт байдлыг мөн нүүрний арьсны Demodex Folliculorum хачигны хамаарлыг нас, хүйс, арьсны хэв шинжтэй уялдуулан судалсан анхны суурь судалгааг явуулсан байсан энэ талаар та бидэнд танилцуулаач.

Энэ судалгааны ажлаа БУ-ны доктор, профессор А.Гүрбадам, АУ-ны доктор, дэд профессор Я.Энхтөр нарын удирдлаган дор 2009 оноос эхлүүлсэн. Бид судалгааны ажилдаа эрүүл монгол хүний нүүрний арьсны физиологийн үзүүлэлтүүд болох арьсны тослог, чийгшил, хүчиллэг-шүлтжилтийн тэнцвэрт байдал (pH) –ыг тодорхойлсон. Монгол хүний нүүрний арьсны тослог, чийгшил, хүчиллэг-шүлтжилтийн тэнцвэрт байдал ямар байдаг, ямар хэв шинжийн арьс давамгай байдаг талаар судалгааны үр дүн гарвал цаашид тухайн хэв шинжтэй, тослог, чийгшилтэй арьсны арчилгаа болон тохиолдож болох арьсны эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага, хандлагыг ард иргэдэд төлөвшүүлэх , суртчилан таниулах боломжийг олгож байгаагаараа арьс судлалын практикт суурь судалгаануудын нэг болж байгаа юм.

Монгол улсад демодекс хачгийн тархалт арьсны хүчиллэг шүлтжилтийн тэнцвэрт байдал (pH)-ын талаар хийгдсэн судалгаа одоог болтол байдаггүй, хүн ам төдийгүй эмч нарын дунд демодекс хачгийн талаархи ойлголт дутмаг байдгаас демодекозын оношлогоо, эмчилгээний асуудал оройтож, арьсны үндсэн өвчнийг улам хүндрүүлж, бусдаас тусгаарлагдан сэтгэлийн хямралд орох шалтгаан болдог. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад арьс судлалын практикт демодекс хачгийн илрүүлэлтэнд шахах (тосны булчирхайн шүүрлийг шахах), арьсны дуран (dermatoscopy), арьсны гадаргуугийн стандарт эдийн шинжилгээ (Standart skin surface biopsy SSSB ), эс судлалын болон полимеразын гинжин урвал, цахилгаан бичил харуурын аргуудыг өргөн хэрэглэж байна. Иймд өөрийн орны нөхцөлд шахах болон арьсны дуран, арьсны гадаргуугын стандарт эдийн шинжилгээний аргаар арьсан дахь демодекс хачгийг илрүүлж, түүнийг арьсны хэв шинж, хүчиллэг-шүлтжилтийн тэнцвэрт байдал (pH)-тай уялдуулан судалснаар оношлогоо, эмчилгээний асуудлыг төгөлдөржүүлэх, демодекс хачгийн идэвхижил, тархалтаас сэргийлэх асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах боломжийг нээж байгаа юм.

Судалгааны ажлын цаашдын зорилго юу вэ?

АӨСҮТ нь Монгол улсын хэмжээнд арьс, харшлын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг 3-р шатлалын төв эмнэлэг. Бид энэ төвд ажиллаж байгаагийн хувьд цаашдаа Монгол орны нөхцөлд зонхилон тохиолдох арьс харшлын эмгэгүүдийн шалтгааныг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх , ард иргэдэд арьсны эмгэгүүдээр өвчлөхгүй байх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, хандлагыг төлөвшүүлэх арга замд суралцуулахад дөхөм болохуйц арьс харшлын чиглэлийн суурь судалгаануудыг хийнэ гэж бодож байна.

Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал нь техник, технологи, анагаах ухаан гэх мэт бүхий л салбарт хүчээ үзэж эрдэм мэдлэгээ уралдуулж байгаа залуу эрдэмтэн, судлаач, залуучуудыг нэгтгэн, хийж бүтээж буй ажлыг нь таниулах, судалгааны ажил хийх урам зориг, дэмжлэг туслалцааг үзүүлдэг гэж боддог. Монголын Залуу Эрдэмтдын Холбоо, БСШУЯ, ШУТС, ШУА, ЭМШУИС-тай хамтран зохион байгуулдаг “Хүрэлтогоот” Анагаахын залуу судлаачдын эрдэм шинжилгээний хуралд жил бүр гучаад байгууллагын 200 гаруй залуу судлаачид оролцдог, хамрах хүрээ өргөнтэй эрдэм шинжилгээний хурал болдог.

Иймд бид “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хуралд 2007, 2009 онуудад оролцож байсан. “Хүрэлтогоот-2012” эрдэм шинжилгээний бага хуралд анагаах ухааны салбарт “Эрүүл монгол хүний нүүрний арьсны физиологийн үзүүлэлтүүд ба демодекс хачигны хамаарал” судалгааны ажлаараа БСШУ-ны сайдын нэрэмжит грант авсандаа маш их баяртай байна.

Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Залуу судлаачид судалгаа хийх хүсэл эрмэлзэл, сонирхол ихтэй, шинийг байнга эрэлхийлэгч, ёс суртахуун болоод ёс зүйтэй байх нь хамгийн чухал гэж боддог.

МЗЭХ-ноос залуу эрдэмтэн, судлаачиддаа зориулсан ямар үйл ажиллагааг хүсэн хүлээдэг вэ? эсвэл МЗЭХ-ны ирээдүйн гишүүн, залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг

МЗЭХ –ны жил бүр зохион байгуулан явуулдаг чуулга уулзалт, арга хэмжээ, тэтгэлэгт хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурлуудыг залуу судлаач эрдэмтэн, оюутнууд бүгд хүсэн хүлээдэг сайхан арга хэмжээнүүдийн нэг болсон.

Залуу эрдэмтэн, судлаач, оюутан залуусдаа жанжин Д.Сүхбаатарын хэлсэн

Сурахыг эрхэм болговоос

Хандах зүг өөрөө тогтоно гэдэг үгийг хэлье дээ.

2983 Last modified on Пүрэв, 13 11-р сар 2014
Login to post comments