Мэдээ мэдээлэл

10-р сар 23 Written by  Ч.Ундармаа

"Нээлттэй мэдээллийг сурталчилах өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө

Rate this item
(0 votes)

Олон улсад “Нээлттэй Мэдээллийн өдөрлөг”-ийг жил болгоны 10 дугаарын 22-28-ны хооронд сурталчилдаг бөгөөд энэ хүрээнд Шинжлэх ухааны Академи, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтран Springer Science+Business Media компаний дэмжлэгтэйгээр "Нээлттэй мэдээллийг" сурталчилах өдөрлөгийг 2 дахь удаагаа Монгол-Японы төвийн хурлын "Их Танхимд" амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөг нь залуу эрдэмтэн, судлаач нарт зориулан олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчилан таниулах, түүнийг ашиглах боломж болон өөрсдийн бүтээл, судалгааг олон нийтэд хүргэх, ингэхдээ эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн бичих, мэдээлэлд хэрхэн дөт замаар хүрэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээлээ гадаад, дотоодын нэр хүнд бүхий сэтгүүлд яаж хэвлүүлэх талаар танилцуулж сурталчилахад гол зорилго нь байлаа. Өдөрлөгт ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн залуу эрдэм шинжилгээний ажилтнууд болон их дээд сургуулийн залуу багш нарын төлөөлөл болсон нийт 200 гаруй залуу эрдэмтэн судлаач нар оролцлоо. Өдөрлөгийг нээж ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т. Галбаатар, Монголын Залуу Эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Ч. Сономдагва нар залуу судлаачдад хандаж үг хэлсэн бөгөөд Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Л. Гантулга “Нээлттэй мэдээлэл ба хөгжүүлэх асуудал”, “Олон улсын нээлттэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх боломж”, “Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх аргачлал” гэсэн илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгээр SpringerOpen, BioMedCentral сайтуудын мэдээллийн сангийн болон Zotero програм хангамжуудыг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд эрдэмтэн судлаачийн судалгааны ажлын ёсзүйн талаар мөн судалгааны ажилтай холбоотой номзүйн асуудлын талаарх өөрийн туршлага мэдлэгээ залуу судлаачидтай хуваалцсан юм.Мөн залуу судлаачдад зориулж Монголын Номын Сангуудын Консорциум нь АНУ-н монгол судлалын салбартай хамтран Open Acces Resources for Researchers in Mongolia төслийн ажлын хүрээнд http://oaguide.mongolianlibraries.org.mn мэдээллийн санг бий болгосныг онцолж байлаа. Тус мэдээллийн сангаас тэтгэлэгт хөтөлбөр болон олон ном, сэтгүүлийг унших боломжтойг дурьдлаа.

 Өдөрлөгийн сүүлд хамгийн их идэвхитэй оролцсон залуу судлаачдад Springer-ийн нэрийн бэлгийг гардуулсан бөгөөд залуучууд санал бодлоо чөлөөтэй ярилцснаар өдөрлөг дуусав.

Tagged under :
1946 Last modified on Мягмар, 25 11-р сар 2014
Login to post comments