Мэдээ мэдээлэл

11-р сар 22 Written by 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ 2016 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” АЛТАН МЕДАЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮМҮҮСИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Rate this item
(0 votes)

 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ

“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монголын залуу эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүн нь олон улсын болоод үндэсний хэмжээнд үнэлэгдсэн, мэдлэгийг эдийн засагжуулах, инновацийн чиг баримжаа бүхий бүтээл гарган, шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нийгэмд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан залуу эрдэмтэн, судлаачдыг урамшуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2 Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо /цаашид МЗЭХ/ -ны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналаар залуу эрдэмтэн, судлаачдыг манлайлан, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болсон МЗЭХ-ны гишүүн шилдэг эрдэмтэн, судлаачдыг шагнан урамшуулна.

1.3 “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналыг залуу эрдэмтэн алтан медаль, батламж, мөнгөн шагнал дагалдах бөгөөд энэхүү шагналыг тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээг тохиолдуулан олгоно.

Хоёр. Тавигдах шаардлага

2.1 МЗЭХ-ны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналд нэр дэвшиж буй залуу эрдэмтэн, судлаач, багш нар нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй 45 хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаач, багш байх,
  • Докторын (PhD) зэрэг хамгаалсан байх,
  • МЗЭХ-ны гишүүн бөгөөд сүүлийн гурван жил холбооны үйл ажиллагаанд идэвх, санаачлага гарган оролцсон байх,

2.2 МЗЭХ-ны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналыг дараах  шалгуур үзүүлэлтийг харгалзан олгоно.

  • Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл нь онол, арга зүйн өндөр түвшинд үнэлэгдсэн, олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн эсвэл тухайн салбарынхаа тэргүүлэх сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн эсэх,
  • Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл нь үйлдвэр практикт нэвтэрсэн, инновцийн чиг баримжаатай байгаа эсэх,
  • Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан эсэх,
  • Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл нь олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэн, бүтээл эмхтгэлд нийтлэгдсэн эсэх,
  • Шинжлэх ухаан, технологийн үр дүнг олон нийтэд таниулах, манлайлал үзүүлсэн эсэх
  • Бусад  

Гурав. Нэр дэвшүүлэх

3.1 Энэхүү журмын 2.1-д заагдсан залуу эрдэмтэн, судлаач, багш нар нэр дэвших боломжтой.

3.2 МЗЭХ-ны салбар 7-н холбоодоос тус бүр ерөнхий шаардлага хангасан нэг хүнийг “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналд нэр дэвшүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Салбар холбоодоос нэр дэвшигчдийн талаарх тодорхойлолт бүхий албан бичиг
  • Нэр дэвшүүлсэн хурлын протокол,
  • Нэр дэвшигчийн анкет /МЗЭХ-ны гишүүний анкетийг загвар болгоно/
  • Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт /үндсэн байгууллагын удирдах албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна/,
  • Нэр дэвшигчийн бүтээлийн жагсаалт /ашигтай загвар, патентийн гэрчилгээг оруулна/
  • Нэр дэвшигчийнсуурь судалгааны болон үйлдвэр практикт нэвтрүүлсэн голлох нэг бүтээлийн танилцуулга

3.3 Дээрх бичиг баримтуудыг жил бүрийн 12 сарын 01-ны дотор МЗЭХ-ны ГҮЙЦЭТГЭХ АЛБА-нд хүргүүлнэ.

3.4 МЗЭХ-ны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналд шалгарсан судлаачийн материалыг буцаан олгохгүй бөгөөд харин шалгараагүй судлаачийн материалыг буцаан олгож болно. 

3.5 Шагналд нэр дэвшүүлж буй хүний материалыг хүлээн авснаар МЗЭХ нь тухайн байгууллага, хувь хүний өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй.

Дөрөв. Шийдвэрлэх болон олгох

4.1 “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шалгаруулах зарыг МЗЭХ-ны цахим хуудас болон салбар холбоодын цахим хуудсаар дамжуулан нээлттэй зарлана.

4.2 Нэр дэвшүүлсэн залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлүүдэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах 5-7 хүний бүрэлдэхүүнтэй салбарын эрдэмтдийн төлөөлөл бүхий ажлын хэсгийг МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүр батална.

4.3 Нэр дэвшиж буй эрдэмтэн, судлаач нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохгүй.

4.4 Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Нийт гишүүдийн 80 хувь ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

4.5 Ажлын хэсэг энэхүү журмын 2.2-д заасан үзүүлэлтийг удиртгал болгон ажиллана.

4.6 Ажлын хэсгийн гишүүд нь энэхүү журмын 2.2-д заасан үзүүлэлтээр журмын хоёрдугаар хавсралтын дагуу 0-10 онооны үнэлгээ өгнө.

4.7 Шинжээчдийн өгсөн оноог нэгтгэн, онооны нийлбэрээр хамгийн өндөр үнэлгээ авсан нэг эрдэмтэн, судлаачийг “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналд дэвшүүлэх ба шагналд нэр дэвшигчийг МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар батламжилна.

Тав. Шагнах

5.1 “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналыг жил бүрийн “Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ний үеэр батламж, алтан медаль, мөнгөн шагналын хамт олгоно.

5.2 “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” шагналыг хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагналаар урамшуулж болно.

Зургаа. Батламж, медалийг нөхөн олгох

6.1 “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” батламж, алтан медалийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд салбар холбоод болон тухайн шагнагдагчийн үндсэн байгууллагын тодорхойлолт, өргөдлийг үндэслэн батламж, алтан медаль, үнэмлэх хэвлүүлсэн зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төлбөртэйгээр нэг удаа нөхөн олгоно.

-оо0оо-

94 Last modified on Баасан, 02 12-р сар 2016
Login to post comments