Мэдээ мэдээлэл

11-р сар 15 Written by 

Хүрэлтогоот 2016 ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа Featured

Rate this item
(0 votes)

ХҮРЭЛТОГООТ- 2016 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2016” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 14-нөөс 10 сарын 29-ний хооронд 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Нийгмийн ухаан, гэсэн 4 салбараар ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдсан бөгөөд Биологи-Хөдөө аж ахуйн салбар Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнд, Техник технологийн салбар хуралдааны хувьд оролцогчдын тоо хамрах хүрээ өргөн учир   ШУТИС, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулагдсан.

Энэ жилийн "ХҮРЭЛТОГООТ-2016" зургаан салбарын эрдэм шинжилгээний бага хуралд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан, сайдын зөвлөх Ж.Цолмон, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэнгүүд болон бусад албаны төлөөлөл, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэн судлаач нар оролцлоо.

Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь :

  • залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох,
  • шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах,
  • эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх,
  • шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох,
  • олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх,
  • судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог юм.

Энэ жилийн “Хүрэлтогоот 2016” семинарт нийт 400 орчим эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургууль, гадаадад сурч буй судлаачдын эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 230 бүтээлийг 6 товхимол номонд хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлэв.

Зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит грантын эзэн боллоо. Үүнд:

Биологи, ХАА-н салбар хуралдаан /2016.10.14 /

  1. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд “Mycoplasma agalactia-г рентген туяагаар идэвхгүйжүүлсэн дүн”
  2. Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн залуу судлаач Г.Балжинням “Монгол орны газар тариаланд хучлагатай тариалангийн технологийг нэвтрүүлэх боломж”

Техник,Технологийн салбар хуралдаан /2016.10.15/

  1. Pohang University of Science and Technology, докторант Б.Цолмонбаатар “Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidiumamansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж  авах”
  2.  ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, докторант Ц.Тэнгис “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа”

Геологи газарзүйн салбар хуралдаан /2016.10.21/

  1. Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ажилтан Б.Сайнбуян “Газрын доройтол, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ”
  2. БНСУ-ын Мёнжи Их Сургуулийн судлаач оюутан С.Чинзориг “Цаг уурын өөрчлөлт болон газрын доорхи ус олборлолт Туул голын урсацад үзүүлэх нөлөөг SWAT болон MODFLOW загварыг ашиглан тодорхойлох”

Нийгэм, эдийн засгийн ухааны салбар хуралдаан /2016.10.22/

  1. МУИС-ийн докторант Б.Лхагвабаяр "Чин улсын сүүлч үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдууд болон Жибзундамба хутагт хоорондын харилцааны зарим асуудал"
  2. МУИС-ийн докторант Г.Гүнбилэг "Валютын ханшийн хөөсийг шалгах нь: Доллар-төгрөгийн жишээн дээр"

Анагаах ухааны салбар хуралдаан /2016.10.28/

  1. АШУҮИС, МАУОУС-ийн магистрант А.Ану “Туршилтын харханд Аллоксанаар өдөөсөн чихрийн шижин өвчний эмгэг загварын үед Жүр үр-4 тангийн цусан дахь глюкоз бууруулах үйлдлийг судалсан дүн”
  2. АШУҮИС, ЭЗБАС-ийн доктарант Н.Гиймаа “Трихомониазын үед хөөмөл эсийг идэвхжүүлэх дохио дамжуулагч молекулуудын үүрэг”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2016.10.29/

  1. Физик технологийн хүрээлэнгийн судлаач Ц.Банзрагч “Комплекс шингээлтийн потенциалын аргаар резонансын параметрийг тодорхойлох нь”
  2. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаач Э.Батмагнай “Цахилгаан соронзон тандалын сигнал боловсруулалт арга”

Хүрэлтогоот-2016 эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ өмнөх жилээс өсч сайжирсан нь энэ жилийн хуралдаанд БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг гадаад улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхитэй оролцож байгаагаас харагдаж байна. Иймээс ирэх жилийн ХҮРЭЛТОГООТ эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсад ажиллаж буй Монгол залуу судлаач нарыг татан оролцуулах бүрэн боломжтой юм.

Хуралд оролцсон нийт эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны өмнөөс талархал илэрхийлж, хуралд амжилттай оролцсон залуу судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо 

1051 Last modified on Баасан, 02 12-р сар 2016
Login to post comments