Мэдээ мэдээлэл

6-р сар 06 Written by 

Цусны дэлгэрэнгүй шинжилгээний тухай

Rate this item
(1 Vote)


Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ)  нь эмнэлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг харьцангуй хямд төсөр шинжилгээ. Энэ шинжилгээгээр таны биеийн ерөнхий байлыг үнэлэх боломжтойн дээр, цус багадалт, цус өтгөрөл, үрэвсэлт өвчнүүд болон цусны хавдрууд зэрэг олон төрлийн өвчнийг илрүүлэхэд  ашигладаг.

Уг шинжилгээгээр цусны үндсэн бүрдлүүд, тэдгээрийн нэмэлт үзүүлэлтүүдийг үнэлнэ. Эдгээрт:

  • Улаан эсүүд (бие махбодид хүчилтөрөгчийг тээвэрлэх үүрэгтэй)
  • Цагаан эсүүд (халдвараас бие махбодийг хамгаалах үүрэгтэй)
  • Гемоглобин (улаан эсд агуулагдах хүчил төрөгч тээвэрлэгч уураг)
  • Ялтсууд (цус бүлэгнүүлж цус тогтоох үүрэгтэй)

Цусны дэлгэрэнгүй шинжилгээг ямар тохиолдолд хийх вэ?

  • Эрүүл мэндийн ерөнхий байдлыг үнэлэх: биеийн эрүүл мэндийн байдлыг хянах, олон төрлийн өвчнийг илрүүлэх зорилгоор эмч зөвлөсний дагуу хамгийн түрүүнд хийгдэнэ.
  • Өвчин эмгэгийг оношлох: таны бие ядрах, сульдах, халуурах, шалтгаангүйгээр арьсаар хөхрөх, эсвэл цус гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цусны дэлгэрэнгүй шинжилгээг эмчийн зөвлөсний дагуу хийнэ. Ингэснээр таны биед илэрсэн өвчин эмгэгийг оношлоход тус төхөм болно.
  • Эрүүл мэндийн байдлыг хянах: хэрэв танд цусны эсүүдийн тоо, хэмжээ өөрчлөгддөг өвчин оношлогдсон тохиолдолд эмчийн зөвлөсний дагуу таны биеийн байдлыг хянах зорилгоор цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ.
  • Эмчилгээний үр дүнг хянах: цусны өвчнийг эмчлэх эсвэл цусны эсийн тоонд нөлөөлдөг эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчийн зөвлөсний дагуу цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ.

Шинжилгээнд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Эмч танд цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн бол шинжилгээ өгөхөөс өмнө биеийн хүчний хэт ачаалал авахгүй тайван байх, их хэмжээний хоол унд идэхгүй байх хэрэгтэй.

Шинжилгээг хэрхэн өгөх вэ?

Цусны дэлгэрэнгүй шинжилгээг эрүүл мэндийн мэргэшсэн ажилтан авах ба таны гарын хураагуур судаснаас нэг удаагийн зүү, зориулалттын хуруу шилэнд 2-3 мил цус авч лабораторлуу шинжилглээнд илгээнэ. Шинжилгээ өгсний дараагаар та өөрийн хэвийн амьдралын горимдоо орж болно.

Шинжилгээний үр дүн:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнг таны эмч таньд тайлбарлаж өгөх ба үндсэн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээг доорх хүснэгтэнд харуулав.

Үзүүлэлт

Хэвийн хэмжээ

RBC (Улаан эсийн тоо)

Эр: 4.32-5.66x109/ul

Эм: 3.88-5.0 x109/ul

Hgb (Гемоглобин)

Эр: 133-167 g/l

Эм: 118-148 g/l

HCT (Гематокрит)

Эр: 39-50%

Эм: 36-44%

WBC (Цагаан эсийн тоо)

Эр: 3.9-9.5x103/ul

Эм:3.9-11.1 x103/ul

PLT (Ялтсын тоо)

Эр/Эм: 150-400x103/ul

 

Мэдээлэл бэлтгэсэн: Р.Мэнд-Амар

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо

Login to post comments