Мэдээ мэдээлэл

12-р сар 24 Written by 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЛОО

Rate this item
(0 votes)

УЦУОСМХ-ийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ий үер Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны   2015 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарч, МЗЭХ-ны шилдэг залуу эрдэмтний медаль, батламж, хагас сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртсэн бөгөөд   уг шагналыг БСШУ-ны сайд, МЗЭХ-ны  Хүндэт гишүүн Л. Гантөмөр, МЗЭХ-ны Ерөнхийлөгч Д. Баттогтох нар гардуулсан юм.

Энэхүү шинэ жилийн баярын цэнгүүний хамгийн онцлог, урам зориг хайрласан үйл явдал тохиолдсон нь МЗЭХ-ны хүндэт гишүүн,  БСШУ-ны сайд Л. Гантөмөр доктор (Ph.D) Г. Гантуяад шагналыг гардуулах үеэрээ уг шагналыг дагалдуулан БСШУ-ны сайдын нэрэмжит “ТАВАН САЯ” төгрөгийн мөнгөн шагналыг олгох, цаашид уг шагналыг жил бүр уламжлал болгон олгохоо мэдэгдсэн явдал юм. БСШУ-ны сайд маань МЗЭХ-ны хамт олонд хандаж цаашид уг шагналыг шалгаруулалтын онлайнаар, олон нийтэд нээлттэй, залуу эрдэмтэн судлаачдыг бүхэлд нь хамарсан шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг хүссэн болохыг онцлох нь зүйтэй.

Уг шагналд техник, технологи, анагаах ухаан, геологи, газарзүй, биологи, хөдөө аж ахуй зэрэг шинжлэх ухааны салбаруудаас судлаачид материалаа ирүүлж, шалгаруулалтыг МЗЭХ-ны Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх Албанаас ангид шилдэг эрдэмтэн судлаач нараас бүрдсэн хөндлөнгийн комисс явуулсан болно.

“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарсан манай шилдэг залуу эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болсон доктор Г. Гантуяа нь Оросын Ус Цаг Уурын  Улсын Их Сургуулийг 2002-2006 онд Бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 2010-2015 онд Сөүлийн Үндэсний Их Сургуульд Докторын зэргээ амжилттай хамгаалсан байна. Түүний зарим нэг судалгааны ажлын үр дүнгээс дурдвал; Улаанбаатар хотын дулаан арлын эрчмийн 1980-2010 оны цаг уурыг ажиглалтын мэдээ ашиглан хоног, сар, улирал, олон жилийн явц, хандлагыг судалж Улаанбаатар хотын дулаан арлын эрчим өвөл хамгийн их, зун хамгийн бага, үүнд үүлшил ихээхэн нөлөөдгийг тогтоожээ. Түүнчилэн судалгааны ажлын үр дүнгээр “Asia-Pacific Journal of Atmospheric Sciences”, “Theoretical and Applied Climatology”, “Meteorology and Atmospheric Physics”, “Russian Meteorology and Hydrology”, “Scientific Online Letters on the Atmosphere” зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 9 өгүүллийг туурвиж хэвлүүлж, эдгээр бүтээлүүд нь  нийт 23 удаа (scholar.google.com/citations) ишлэгдсэн нь уг судлаачын өөрийн шинжлэх ухааны салбарт хэрхэн амжилттай ажиллаж байгааг илэрхийлнэ. Залуу судлаач Г. Гантуяа нь гадаад улс оронд зохион байгуулагдсан 11 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, 2012 оны 8 дугаар сард Ирландын Дублин хотод болсон Хотын уур амьсгалын олон улсын 8-р хурлаас, 2014 оны 2 дугаар сард АНУ-ын Атланта хотод болсон Америкийн цаг уурын нийгэмлэгийн 94-р хурлаас “Шилдэг илтгэл” шагналуудыг тус тус хүртсэн байна.

 Эрхэм залуу судлаач Г. Гантуяадаа цаашдын  судалгааны ажилд өндөр амжилт хүсэн, эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

3715 Last modified on Пүрэв, 24 12-р сар 2015
Login to post comments