Мэдээ мэдээлэл

11-р сар 11 Written by 

"ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний V чуулганд МЗЭХ-ны Ерөнхийлөгч, Доктор Д.Баттогтохын хэлсэн үг

Rate this item
(0 votes)

            Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа

            Чуулганы хүндэт төлөөлөгчид өө,

             Улс орны хөгжлийн түлхүүр болсон залуу эрдэмтэд ээ,

 

           ХХ зуунд Монголын ард түмний олсон нэгэн ололт нь үндэсний шинжлэх ухааны чадавхитай болсон явдал юм. Үндэсний түүх, хэл, соёлын судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, нийгмийн ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

        XXI зуунд хүн төрөлхтөний хөгжил дэвшилд зарчимын болоод агуулгын ихээхэн өөрчлөлт гарч, шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үе эхэлсэн гэдгийг дэлхий нийтээр онцолж байна.

         Даяаршиж буй дэлхий ертөнцөд шинжлэх ухаан технологийн процесс, шинжлэх ухааны нээлт, ололт нь богино хугацааны дотор дэлхий даяар тархаж улс орнуудад саадгүй нэвтрэх бололцоотой болоод байна. Мэдлэгийг бий болгох, мэдлэгийг ашиглах чадвар нь үндэсний эдийн засгийн чадавхийн илэрхийлэл болсон байна.

           Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь улс орны хөгжлийг чиглүүлэгч, баялгийг бүтээгч гол хүчин зүйл болж байна. Энэ нөхцөлд улс орон нь мэдлэгийн үйлдвэрлэл, шинэ технологийг боловсруулах, нутагшуулах, инновацийн орчин, шинжлэх ухааны менежментийг сайжруулах асуудлыг зүй ёсоор тавих боллоо.

     Дөрвөн жилийн өмнө бид энэ танхимд "Судалгаанаас Хөгжил рүү" уриатайгаар Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний ээлжит чуулганаа зохион байгуулж байсныг би тод санаж байна.

         Тус чуулганаар Шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хөндөн Инноваци, Гарааны компанийг дэмжих эрх зүйн орчинг буй болгох асуудлыг зөвлөмж болгон гаргасан, тэгвэл өнөөдөр энэ асуудал биелэлээ олж хэрэгжсэнийг онцлоход таатай байна.

         Бид энэ удаагийн V чуулганыг “Шинжлэх ухаан ба Үйлдвэрлэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа нь учир утгатай юм. Шинжлэх ухаан, технологи бол аж үйлдвэрийн салбарын хөгжлийн үндэс суурь нь юм. Нөгөө талаас Аж үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах ойлголт биш, харин нийгмийн бүх салбарт мэдлэг, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эзэмших, хүний нөөцийг хөгжүүлснээр үйлдвэржсэн нийгмийг бий болгох өргөн цар хүрээтэй цогц асуудал юм.

       Сүүлийн 20 гаруй жилд шинжлэх ухаан болон аж үйлдвэрийн салбар тус тусдаа салангид бодлоготой явж ирсэн, тэгвэл үүнийг холбох цаг нь болжээ.

      Өнөөдөр залуус бид улс орны шилжилтийн хэмээх тодотголтой цаг үеийг ардаа орхин хөгжиж эхлэх үе рүү ханцуй шамлан орж байна. Иймд Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийн концепцийг шинээр харах, ШУ-ны үйл ажиллагааны зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тухайлбал, шинжлэх ухааны удирдлагад шинэ агуулга хэлбэрийг хэрэгжүүлэн уламжлалт шугаман загвараа шинэчлэн Төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн гурвалсан оролцооны загвараар ажиллах шаардлага үүсч байна. Ингэснээр нэг чиглэлээр 3 шийдвэр гаргах бус шийдвэрүүд нь огтлолцож нэгэн чухал шийдэл гарах давуу талтай.

           Инновцилаг байцгаая!

        Өнөөдөр, Шинжлэх ухаан, технологийн нээлтийг анх түрүүлж хийсэн орон хожихоос илүү урьд өмнө буй болгосон нээлтийг практик амьдралд аль урьтаж хэрэглэсэн орон хожих нь илүүтэй байна. Шинжлэх ухаан, технологийн бодлогийн түлхүүр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтыг бий болгох гэхээсээ илүү шинжлэх ухаан технологи инновацийн эрэлтийг мэдрэх, түүнд нийцсэн мэдлэг буй болгох асуудал чухал юм. 

             МУ-ын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байсаар байна. Гэвч үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Монгол Улс мэдлэг, технологи бий болгох, нутагшуулах шилжилтийн идэвхтэй үедээ явж байгаа, энэ нь улсыг хөгжилд хөтлөх таатай нөхцөл болж болох юм.

      Түүнчилэн, Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгоод байна. Эдгээр хүчин зүйлсүүд нь эрдэмтэн судлаачдыг мэдлэгээ баялаг болгох нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, биднийг энэхүү үйл явцад идэвхтэй оролцохыг уриалж байна.

      Тэгвэл, энэ бүхэнд бидний үндэсний хэмээх тодотголтой шинэ санаа, мэдлэг, технологи бэлэн үү, түүнийг үнэлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх баялаг бүтээгчид бэлэн үү, энэ бүхэнд хариулт авах, эдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Монголын залуу эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч нар энэ өдөр чуулж байна. 

           Энэ удаагийн чуулганд залуу эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч яамдуудын төлөөлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгч нарын нийт 700 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

   Мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдийн засаг үйлдвэржилтийн бодлого,  боловсрол, хүний нөөцийн бодлого, шинжлэх ухаан технологийн бодлого хоорондоо уялдаж, нэгдсэн зорилготой байх шаардлагатай байдаг. Бид мэдлэг технолгид суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой байгаа бол энэхүү гол гурван хүчин зүйлийг зэрэг авч явах шаардлагатай.

       Иймээс, Бид чуулганы зорилгыг Монгол улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын салбарын одоо байгаа чадавхийг уялдуулах, төрөөс зохицуулах замаар эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлд та бүхний мэдлэг оюуныг чиглүүлэхийг хүслээ.

             Энэхүү чуулганаар бид Шинжлэх ухаан, Үйлвэрлэлийн эрх зүйн орчин,  Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ба венчур хөрөнгө оруулалт, Шинжлэх ухаан технологийн паркыг бий болгоход тулгарч буй  бэрхшээлийг тодорхойлох, Залуу судлаач, эрдэмтэн нарт инновацийг хөгжүүлэх, гарааны компани буй болгоход мэдлэг олгох зорилтуудыг тал бүрээс нь ярилцахыг зорьж байна.

             Эрхэм судлаачдаа, эрдэмтдээ

             Бид бэрхшээлийг боломж гэж харах ёстой.

           Мэдлэг, Технологийн хөгжлийн түвшин нь улс орны аж үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинг тодорхойлж улмаар эдийн засгийн хөгжлийн гол суурь болдог.

           Иймээс манай орны хувьд технологийн хоцрогдлыг багасгах, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологуудыг дотооддоо хөгжүүлж, шаардлагатай технологийг гадаадын орнуудаас авч нутагшуулах, ирээдүйн технологийг бий болгохын тулд одооноос шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлуудыг эрчимжүүлэх,  үйлдвэрлэлийн салбартай уялдуулах шаардлагатай байна.

        Энэхүү чуулганаас Монгол Улсын шинжлэх ухаан - үйлдвэрлэлийг холбох гүүр болсон улсын хөгжлийг зөв залах үнэтэй саналууд гарна гэдэгт илтгэлтэй байна.

Та бүхний оюуны мэлмий үргэлж тунгалаг байх болтугай,

Залуусаа инновцилаг байцгаая,

Анхаарал тавьсанд баярлалаа. 

1909 Last modified on Даваа, 30 11-р сар 2015
Login to post comments