Мэдээ мэдээлэл

11-р сар 10 Written by 

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” нийгмийн шинжлэх ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Rate this item
(0 votes)

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал хурал 11-р сарын 6-ны өдөр ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.

Тус хуралд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу нарын албаны төлөөлөл болон салбарын тэргүүн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал доктор Б.Пүрэвсүрэн, удирдах зөвлөлийн гишүүд МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор М.Одмандах, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор Г.Гэрэлмаа, ШУА-ийн Түүх-Археологийн секторын судлаач Л.Мөнхбаяр, МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор П.Цэрэнбазар нар  оролцов. Энэ жил Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооны 10 жилийн ой тохиож байгаа нь онцлог байлаа. 

Үдээс өмнөх хуралдааныг НШУЗЭХ-ны анхны тэргүүн, УБИС-ийн Докторантур, магистрантурын албаны дарга, доктор /Ph.D/, дэд профессор Х.Сүглэгмаа удирдан явуулсан ба 10 жилийн ой болж байгааг тохиолдуулан баярын үг хэлсэн бөгөөд үдээс хойшхи хуралдааныг доктор Г.Гэрэлмаа удирдан явуулсан.  “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд доктор Х.Булгаа, СЭЗДС-ийн багш С.Бямбахорол нар өөрсдийн 2014 онд тэргүүн байр эзэлсэн илтгэлүүдээ танилцуулж, судалгааны ажлын үр дүн, шагналын зарцуулалтын талаар товч мэдээлэл хийсэн.

“Хүрэлтогоот – 2015” ЭШБХ-ыг салбар холбоо тус бүр хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалтыг салбар холбоодын удирдах зөвлөлийн гишүүд болон салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ирүүлсэн бүтээлүүдийг үнэлэн дараагийн шатанд хэлэлцүүлэгдэх илтгэлийг шалгаруулсан, хоёрдугаар шатны шалгаруулалтыг БСШУЯ-ны ШУТ газраас салбар холбоо тус бүрээр баталсан шүүгчдийн бүрэлдэхүүнээр илтгэлүүдийг үнэлүүлэн шилдэг илтгэгч нарын шалгаруулсан болно.

Хуралд түүх, социологи, боловсрол судлал, эдийн засаг, хэл уран зохиол, урлаг судлалын чиглэлийн 11 илтгэлийг хэлэлцүүлэв.

Уралдаанд хэлэлцүүлсэн илтгэлээс ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ж.Ууганбаатар "Б.Ринчений “Цогт тайж” кино зохиолын өгүүлэмжийг хэн хөтөлнө вэ?" сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр, МУИС-ийн ШУС-ийн багш П.Даваапил "Улсын санд худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нь" сэдэвт илтгэлээр ДЭД ТЭРГҮҮН  байр эзэлж, 2015 оны БСШУ-ны сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.

Мөн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, археологич, эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд "Түрэгийн нэрт жанжин Билгэ Тоньюкукийн гарал угсааг нягтлах нь" сэдэвт бүтээлээр 3-р БАЙР эзэлж SICA компаний нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар, СЭЗДС, Бизнесийн удирдлагын тэнхмийн багш Г.Сайнбилэг "Хоёр талын харилцан итгэлцэлд суурилсан урт хугацаанд хамтран ажиллах шийдвэр гаргах нь" /Монголын жижиг дунд бизнесийн жишээн дээр/ сэдэвт хамтарсан илтгэлээр 4-р БАЙР эзэлж Абсолют Чойс компаний нэрэмжит мөнгөн шагналаар шагнууллаа.   

Хуралдаан өмнө зарлагдсан хугацаа хойшилсон нь шүүгч, оролцогчдын хувьд бага зэрэг чирэгдэл учруулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын бүтээлийн чанар бага муудсан байна гэсэн үнэлгээг зохион байгуулагчид болон шүүгчдийн зүгээс өгч байв. Энэ нь Хүрэлтогоот ЭШБХ-ын зарлах хугацааг эрт болгох, илтгэлд тавигдах шалгуур үзүүлэлтийг илүү нарийсгах, онлайн мэдээллийн системтэй болох шаардлага зайлшгүй байгааг харуулж байна гэж үзлээ. Мөн Нийгмийн шинжлэх ухааны салбарт хэл шинжлэл, урлаг судлал,  бизнес менежмент, философи, социологи, улс төр судлал зэрэг олон ухаан байгааг харгалзан үзэж ирэх жилээс онолын болон хэрэглээний салбар, эсвэл нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан гэсэн 2 салбарт хуваан илтгэлүүдийг хэлэлцүүлэх нь оролцогчдын хувьд илүү шударга үзүүлэлт болох юм. 

Нөгөө талаас Хүрэлтогоот ЭШБХ-ыг ивээн тэтгэх, хамтран ажиллах хувь хүн, байгууллагын тоо олон болж байгаа нь ололттой талын нэг бөгөөд цаашид энэ нөөц бололцоон дээр тулгуурлаж салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж байна

  Залуу судлаач нартаа цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

ТАЙЛАН ГАРГАСАН:

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАЛУУ

ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                                  П.ЦЭРЭНБАЗАР

1938 Last modified on Пүрэв, 26 11-р сар 2015
Login to post comments