Мэдээ мэдээлэл

10-р сар 28 Written by  Ч.Ундармаа

Хүрэлтогоот 2013 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Rate this item
(0 votes)

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот 2013” семинар Байгалийн ухаан, Геологи, газар зүй, Биологи-ХАА, Техник технологи, Нийгмийн ухаан, Анагаах ухаан гэсэн 6 салбараар 10 дугаар сарын 4-19-ны хооронд ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохион байгууллаа.

Тус хурлыг дэмжин ШУА-ийн Технологийн инкубатор, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС жил бүр хамтран ажиллаж байна. Энэ жил Осорын Шагдарсүрэн сан, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Саусгоби сэндс ХХК, МонВетМед ХХК зэрэг байгууллагууд дэмжигч байгууллагуудаар оролцон хамтран ажиллаа.

“Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн ухааны салбар хуралдаанаар эхэлсэн бөгөөд хурлын нээлтэнд МЗЭХолбооны Ерөнхийлөгч Ч. Сономдагва залуу судлаачдад зориулан хүндэтгэлийн илтгэлийг хэлэлцүүлэв. Тэрээр залуу эрдэмтэн, судлаачдад хандаж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилээс эхлэн залуу судлаачдыг дэмжих бодлогын хүрээнд Хүрэлтогоот эрдэм шинжилгээний семинар нь нэг жилд олгох грантын тоо 10 байсныг 12 болгож, грантын санхүүжилтийг нэмэгдүүлсэн билээ. Тиймээс ч энэхүү Хүрэлтогоот эрдэм шинжилгээний семинарын нэр хүнд, чанар нь жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаадад эрдэм шинжилгээний ажил хийж байгаа монгол эрдэмтэн, судлаачид нар хүртэл идэвхитэй оролцох болсон нь харагдаж байна. Энэ семинарт амжилттай оролцсон залуу эрдэмтэн, судлаачид маань докторын зэргээ амжилттай хамгаалаад, үргэлжлүүлэн докторын дараах грантыг хүртсээр байдаг “Амжилтын эхлэл” болсон эрдэм шинжилгээний бага хурал болсон билээ. Тиймээс жил бүрийн 10 сард болдог энэхүү эрдэм шинжилгээний хуралдаа залуу эрдэмтэн, судлаачид та бүхэн зорилго тавьж, сайтар бэлдэж, амжилттай оролцож байхыг хүсэн салбар хуралдаануудад амжилт хүссэн юм. Мөн Хүрэлтогоотын семинарыг ирээдүйд олон улсын хэмжээний хурал болгон өргөжүүлэн ажиллахын төлөө бид хамтран ажиллах шаардлагатайг цохон дурьдлаа.

Мөн бусад салбар хуралдаануудын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Рэгдэл, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, ШУТИС-н Ректор Б. Очирбат, Нийтлэлч Б. Баабар, БШУЯ-ны Мэргэжилтэн Д.Одгэрэл нар залуу эрдэмтэн судлаачдад зориулан хүндэтгэлийн илтгэлийг хэлэлцүүлж оролцлоо.

Тус “Хүрэлтогоот 2013” семинарт нийт 500 гаруй гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургууль, гадаадад сурч буй судлаачид, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудын 490 гаруй судлаачдын 203 бүтээл ирүүлснээс нийт 88 илтгэлийг илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлэв.

Зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаачдад БШУ-ны сайдын нэрэмжит грантын батламжийг гардуулав. Үүнд:

Байгалийн ухааны салбар хуралдаан /2013.10.04/:

1. МУИС-Математикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батболд

“Хавтгай дээрх Гильберт төрлийн тэнцэтгэл бишийн гипергеометр фунц агуулсан өргөтгөл”

2. Улсаны Их Сургуулийн физикийн тэнхимийн докторант П. Тайвансайхан

“Сөрөг муруйлтын гадаргуутай sp2 эрлийзжилттэй нүүрстөрөгчийг Li-ion батарейн anode материалаар ашиглах нь

Геологи газарзүйн салбар хуралдаан /2013.10.05/:

3. ШУА-н Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Оюунбат

“Улаанбаатар хотын элэгдэл эвдрэлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх арга зүй”

4. ШУА-н Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Ч.Жавзан нарын

“Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа”

Биологи, ХАА-н салбар хуралдаан /2013.10.11/:

5. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч. Батцэцэг

“Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний популяцийн молекул генетикийн судалгаа”

6. ШУА-н Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Энхтайван

“Anaplasma phagogytophilum-ийг адуу болон хачгаас илрүүлсэн нь”

Техник Технологийн салбар хуралдаан /2013.10.12/:

7. ШУТИС, Хүнсний Инженер, Биотехнологийн Сургуулийн ахлах багш Э.Энхцэцэг

“Жимсгэний ургамлын навчны антиоксидант идэвх, фенолт нэгдэл”

8. МТШХХГ-ын мэргэжилтэн С.Онончимэг

“Хос туйлшралтай microstrip patch антенны тэжээлийн хэсгийн шинэ загвар”

Нийгмийн ухааны салбар хуралдаан /2012.10.26/:

9. ШУА –ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн

“Хүннүгийн үеийн төмөр боловсруулалтын зарим асуудал”

10. СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш С.Мөнхбаяр, Т.Алтангэрэл, Б.Идэрцогт нар

“Хууль бус зар сурталчилгааны түгээлтийг хэмжих нь”

Анагаах ухааны салбар хуралдаан /2012.10.27/:

11. УБ Сонгдо эмнэлэг, дадлагажигч эмч Ц. Сумъяа

“Титэм судасны цочмог хам шинжээс урьдчилан сэргийлэх оношлогооны шинэ биомаркерыг судалсан нь”

12. ЭМШИУИС-н багш Б. Жаргал

“Биежүүлэх эмгэгийн эмнэлзүйн шинжүүд сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой болох нь”

Мөн залуу судлаачдын хийсэн судалгааны ажлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШуурхайТВ, МҮОН ТВ, Шинэ дэлхий ТВ, Шууд ТВ, Emegteichuud.mn, Зууны мэдээ сонин зэрэг хэвлэлийн мэдээллийн салбарынхантай хамтран ажиллав.

Хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны өмнөөс талархал илэрхийлж, хуралд амжилттай оролцсон залуу судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

МЗЭХ

Login to post comments