Мэдээ мэдээлэл

6-р сар 09 Written by 

ОЮУНЛАГ ЗАЛУУС ЭКО АЯЛАЛ ХИЙЛЭЭ

Rate this item
(0 votes)

     Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Явган аялалыг Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо болон Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэгээс хамтран 2015 оны 6-р сарын 6, 7-ны өдрүүдэд “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ: ОЮУНЛАГ ЗАЛУУС ЭКО АЯЛАЛ” нэрний доор зохион байгууллаа.

     Энэ жилийн аялалд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль болон хувийн хэвшлийн төлөөллүүд болсон нийт 40 залуу эрдэмтэн хамрагдаж хоёр хоногийг үр бүтээл дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлэв. Энэ жилийн аялал нь урьд жилүүдийн аялалуудаас тодорхой онцлог бүхий аялал болсон ба Багахангай болон Багануур дүүргүүдийн үндэсний томоохон үйлдвэрүүд болох Алтан Оршихуй ХХК-ний "Ахуй мандал" Үйлдвэр, ШУҮ-ийн Монхимо ХХК-ний Үйлдвэр, Монгол Улсын ууган уурхайн нэг Багануур уурхайтай танилцаж мөн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх ШУТ-ийн Эрдмийн зөвлөлтэй дугуй ширээний ярилцлага хийсэн юм.

     Аялалын эхний өдөр Улаанбаатар хотоос гараад Багахангай дүүргийн “Алтан Оршихуй” ХХК-ийн “Ахуй Мандал” үйлдвэртэй танилцаж уулзалт ярилцлага хийсэн ба компанийн хамт олон биднийг халуун дотноор угтаж авсан юм. “Алтан Оршихуй” ХХК-ийн энэхүү үйлдвэр нь хаягдал тосноос түлш гарган авдаг бөгөөд хаягдал тосоо Оюу толгой, Энержи ресурс, МАК гэсэн уул уурхайн компаниудын машин механизмын ашигласан моторын тосыг цуглуулж аван боловсруулж шүүгээд цэвэр Эко дизель түлш гарган авч дотоодын уул уурхайн компаниуд болон Замын-Үүд Улаанбаатарын чиглэлд явдаг том оврын машинуудад 1500 төгрөгөөр борлуулдаг байна. Энэхүү технологи нь ямарч хаягдалгүй цэвэр Эко технологи бөгөөд хаягдал тосноос түлш болон Мазут гарган авахаас гадна шаталтаас үлдсэн үлдэгдэл хаягдлаар эргээд тосоо шатаах процессоо дэмжиж ашигладаг нь 100 хувийн хаягдалгүй технологи болж чаддаг. Тус үйлдвэр нь түлшэндээ бүх төрлийн шинжилгээ хийх боломж бүхий лабораторитой бөгөөд сар бүр дээжээ өөрсдийн лабораториос гадна хөндлөнгийн лабораторид давхар шинжлүүлж харьцуулдаг. Эцсийн бүтээгдэхүүн болох дизель түлш нь Евро-4 стандартад нийцдэг бөгөөд хүнд элементийн агууламж нь импортоор орж ирж байгаа түлштэй харьцуулахад маш бага хэмжээтэй байдаг давуу талтай. Лабораторийн эрхлэгч болон ерөнхий инженерийн хэлж байгаагаар уг бүтээгдэхүүн нь моторын тосноос үнэртдэг хурц үнэр нь хэвээр хадгалагдаж байгаагаас өөр  дутагдалтай тал олж илрүүлээгүй байна. Уг хамт олон нь судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрт нэвтрүүлж, байгаль орчинд 100 хувь ээлтэй технолгиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд өөрсдийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг 100 хувь борлуулж чадаж байна. Сард 200 тонн түлш үйлдвэрлэдэг ба цаашид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж нэрэх тогооны хэмжээг нэмэгдүүлснээр сард гаргадаг бүтээгдэхүүний хэмжээг 600 тонноор нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа нь импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг бий болгох зорилготой хамт олон юм.

“Ахуй Мандал” үйлдвэртэй танилцав

“Ахуй Мандал” үйлдвэртэй танилцав

“Ахуй Мандал” үйлдвэртэй танилцав

“Ахуй Мандал” үйлдвэртэй танилцав

     Багахангай дүүргээс аялалын багынхны очих дараагийн цэг бол Багануур дүүрэг байсан бөгөөд эхний өдрийн 16 цаг орчимд бид очих газартаа хүрэхэд МОНХИМО компанийн хамт олон биднийг угтан авч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн газарт хүргэн танилцуулсан юм.

Дашдоржийн Нацагдоржийн төрсөн газар

Дашдоржийн Нацагдоржийн төрсөн газар     Эндээс бид Хэрлэн голын хөвөөнд очиж хоноглох газраа буудаллаж майхан асараа барьж бэлтгэл хангаад аялалын дараагийн хөтөлбөр болох тэмцээний хэсэгтээ орлоо. Аялалд оролцож буй 40 хүн найм наймаараа дөрвөн багт хуваагдаж олс таталт, буухиа тэмцээнээр хоорондоо өрсөлдөж олс таталтаар 3-р баг, буухиа тэмцээнээр 2-р багууд тодров.

Уралдаант тэмцээн

Уралдаант тэмцээн

Уралдаант тэмцээн

Уралдаант тэмцээн

Уралдаант тэмцээн

     Ингээд эхний өдрийн албан ёсны арга хэмжээнүүд ерөнхийдөө өндөрлөж МОНХИМО компанийн хамт олны бэлтгэж өгсөн хоол, хорхогоор дайлуулж, галын наадмаа хийж, бүжиг наамам, дуу хууртайгаар эхний өдрөө хоноглов.

     Аялалын хоёр дахь өглөө нь бид майхан асараа хураан Багануур хотын төв рүү орж МОНХИМО компанийн үйлдвэрээр зочилж танилцсан ба биднийг захирал Ариунаа болон үйлдвэрийн захирал Дэмбэрэлнямбуу нар хүлээн авч бүтээгдэхүүн болон үйлдвэрээ танилцуулсан юм. Уг үйлдвэрээс гарч буй бэлэн бүтээгдэхүүнүүд нь ТАМЕДИН- ы цувралууд, КАЛЬЦИ-ийн цувралууд, АДУУ- брэнд, САНИТОЛ-ын цувралууд юм. ТАМЕДИН-ы цувралууд нь бүх төрлийн идээт үрэвсэл, шарх, мэс заслын шарх, хоолой зайлах зэрэгт хэрэглэгддэг бөгөөд дотоодын хэрэгцээг 99 хувь хангаж байгаа юм. Мөн САНИТОЛ-ын цуврал бүтээгдэхүүнүүд нь бүхий л эмнэлэгийн газруудад хэрэглэгддэг ба  нянг 15 секундийн дотор 99 хувь устгах чадвартай бүтээгдэхүүн юм. Мөн монголдоо анх удаа орон нутагт 7, УБ-д 3 ясны сийрэгжилтийг оншлох төвүүд байгуулж ясны сийрэгжилтийг бүрэн оношилж, уг төвүүдээр өөрсдийн КАЛЬЦИ-ийн бүтээгдэхүүн болон АДУУ брэндийн бүтээгдэхүүнүүдийг хувь хүнд нь тохируулан борлуулж хянаж ясны сийрэгжилтийг бүрэн эмчилж байна.  Мөн уг үйлдвэрт одоогоор судалгаа бүрэн хийгдэж дуусаад бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон хэд хэдэн бүтээгдэхүүнүүд байгаатай бид танилцлаа. Онцолж хэлэхэд Адуу брэндийн Кальцийн бэлдмэлүүд нь БНСУ-ын зах зээл дээр амжилттай борлуулагдаж байна. Эдгээрээс харахад монголдоо судалгааны ажил хийж үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж, үндэсний брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, хүн амаа ажлын байраар хангаж байгаа нь үнэхээр бахархалтайгаар залуу эрдэмтдэд үлгэр дууриалал болж, судалгааны ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл төрүүлж, урам зориг хайралж байлаа.

МОНХИМО компанийн үйлдвэр

МОНХИМО компанийн үйлдвэр

МОНХИМО компанийн үйлдвэр

МОНХИМО компанийн үйлдвэр

     Энэхүү бүтээлч хамт олонтой танилцсаны дараагаар биднийг Багануур дүүргийн Засаг даргын ТГ-ын хат олон хүлээн авсан бөгөөд дүүргийн ШУТ-ийн эрдмийн зөвлөлтэй "Оюуны хот -Эко технологи" залуу эрдэмтдийн оролцоо дугуй ширээний ярилцлагыг хийсэн юм. Уг уулзалт ярилцлага Доктор, Профессор МУИС-ийн багш, Монхимо ЭШТТөвийн захирал, Багануур дүүргийн засаг даргын дэргэдэх “ШУТ”-ийн зөвлөлийн дарга Д.Дэмбэрэлнямбуугаар удирдуулан дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа.

Багануур дүүргийн Засаг даргын ТГ

Багануур дүүргийн Засаг даргын ТГ

Хөтөлбөр:

13:00-13:10 Нээлтийн үг- Багануур дүүргийн Засаг даргын орлогч н.Цамбагарав

13:20-13:35 “Багануур хотын хөгжлийн ерөнхий төлвөлөгөө” төслийн” танилцуулга- Ш.Отгонбаяр Багануур дүүргийн өмч газрын харилцааны албаны дарга

13:35-13:50 “Багануурын нүүрсний ордыг иж бүрэн ашиглах замаар ҮТП” Байгуулах нь онвчтой асуудал мөн”- Илтгэгч: Д.Алтангэрэл, МУ-ын зөвлөх инженер, Багануур нүүрс- химийн үйлдвэрлэл ҮТП байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийн багийн гишүүн

13:50-14:05 Багануур ҮТПаркийн харьяа байгуулагдах “ Нанобиотехнологийн эрдэм шинжилгээ –үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн танилцуулга- Илтгэгч: М.Ариунаа, ШУҮ-ийн Монхимо ХХК-ийн Ерөнхий захирал, Багануур нүүрс-химийн үйлдвэрлэл ҮТП байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийн багийн гишүүн

14:05-14:20 "Шинжлэх ухаан ба Аж үйлдвэрлэл"-Илтгэгч: МЗЭХ Ерөнхийлөгч Д.Баттогтох (Ph.D),

14:20-14:35 "Судалгаа туршилтын ажил үйлдвэрлэлд" Илтгэгч:БУСЗЭХ Тэргүүн Б.Амарсанаа

14:35-14:55 Санал, чөлөөт ярилцлага

14:55-15:00 Хаалт

     Уг уулзалт дээр маш олон үр дүнтэй санал, санаанчлагууд гарсан ба бид эдгээр саналуудыг боловсруулж холбогдох газруудад хүргэх болно.

     Аялалын төгсгөлд биднийг инженер Д.Алтангэрэл Багануурын ил уурхайтай танилцуулснаар бидний аялал хөтөлбөрийн дагуу амжилттай өндөрлөж Улаанбаатар хот руу хүлгийн жолоо залсан юм.

     Ингээд уг аялалаар залуу эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил үйлдвэрт хэрхэн нэвтэрч байгаа, хэрхэн инноваци болгож байгааг өөрсдийн нүдээр харж танилцсаж судалгааны ажлаа илүү үр бүтээлтэй хийх урам зоригийг авсан байх хэмээн итгэж байна. Биднийг аялалын турш MASS агентлагийн ETV, mass.mn нар зураг авч сурвалжлага бэлтгэсэн.

     Ингээд аялалыг зохион байгуулсан МЗЭХ-ны гишүүд, оролцсон залуу судлаачид, биднийг дэмжиж халуун дотноор хүлээн авсан Алтан Оршихуй Группын хамт олон, Хамтран зохион байгуулсан МОНХИМО ХХК-ийн хамт олон, Багануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон, нэвтрүүлэг бэлтгэсэн MASS агентлагийн хамт олон, аялалын турш бидний сонорыг гайхалтай аялгуугаараа мялаасан морин хуурч Есүхэйд  болон манай холбооны үйл ажиллагааг үргэлж дэмжиж оролцдог нийт гишүүддээ талархлаа илэрхийлэн дараагийн арга хэмжээнүүд дээр уулзахын ерөөл дэвшүүлье. Баярлалаа.

Аялалын тайлан гаргасан БУСЗЭХ-ны Гүйцэтгэх Захирал Б.Отгонсувд

3211 Last modified on Мягмар, 09 6-р сар 2015
Login to post comments