Мэдээ мэдээлэл

3-р сар 26 Written by 

Б.Одгэрэл: Буудайн генийг судалж ганд тэсвэртэй шинэ сорт гаргаж авахыг зорилоо

Rate this item
(0 votes)

БШУЯ-наас эрдэм шинжилгээний залуу судлаачдад олгодог БШУ-ы сайдын нэрэмжит судалгааны грантыг 12 судлаачид олгосон бөгөөд,тэдгээр судлаачдын нэг УХЭШХ- ийн эрдэм шинжилгээний ажилтан Болдын Одгэрэлтэй ярилцлаа. Б.Одгэрэл “Буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн” нэртэй судалгааны бүтээлээрээ сайдын нэрэмжит грантыг авсан юм.

-Гантай нөхцөлд ч ургах чадвартай буудайн шинэ сорт гаргаж авах судалгаа тань газар тариаланд том дэвшил авчрах нь гэсэн найдвар дагуулж байна. Та энэ сэдвийг хэзээнээс сонирхож, судалгаагаа эхлэв?

Би 2010 онд ХААИС, БНСУ-ын Корей их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Корей их сургуульд докторантад суралцахаар явсан. Тэнд очоод ургацын молекуляр үржүүлгийн лабораторид нь ажилласан. Ер нь тэндээс эхэлсэн. Буудай бол манай орны стратегийн гол нэрийн таримал учраас энэ сэдвийг соттирхож сонгож авч

2002 онд би ХААИС-ийг төгсөөд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад Корей их сургуульд очсон. 2004 онд магистраа хамгаалаад 2008 онд Улс төрийн боловсролын академид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр бас магистр хамгаалсан. 2009 оноос Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд орж ажиллаад 2010 онд Солонгос явсан.

-Манай оронд бол газар тариалан хамгийн эрсдэлтэй салбар хэвээр байсаар байна. Таны үржлийн аргаар гаргаж авсан буудайн шинэ сорт газар тариалангийн үйлдвэрлэлд жинхэнэ хөрсөн дээрээ бууж амьдралд хэрэглэх хүртэл хэр ойрхон байгаа вэ?

Манай оронд селекцийн ажил молекулын түвшинд хийгдэж эхлээгүй байгаа. Уламжлалт селекцийн аргаар нэг сорт бий болгоход 12-15 жилийг зарцуулдаг. Бараг нэг насны амьдралаа зориулж байж нэг сорт бий болдог л доо.

Тэгэхээр энэ бол маш олон жилийн хугацаа, их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил болдог. Харин генийн түвшинд нь ингэж эцэг эх ургамалд нь ганд тэсвэртэй ген байна уу үгүй юу гэдэг судалгааг хийж өгснөөр дээрх 12-15 жилийг 3-5 жилээр богиносгож өгч байгаа юм.

-Таны энэ судалгааны ололт олон улсад хэр шинэлэг судалгаа вэ?

Олон улсад бол одоо ид хийгдэж байгаа. Манай оронд анх удаа хийж байгаа нь энэ.

-Жилд ганцхан удаа ургац авдаг, цаг уураас бүрэн хараат газар тариалан манай орны зовлонтой салбары н нэг. Жилд ядахдаа хоёр удаа ургац авдаг болохгүй юм бол газар тариалан яриад хэрэггүй гэсэн байр суурьтай хүмүүс ч байдаг. Эдийн засагт газар тариалангийн жинг нэмэх бололцоог та хэрхэн харж байгаа вэ?

Манай оронд ховор эмийн ургамал дээр бол лабораторийн нөхцөлд жилд хоёроос гурван удаа ургац авах ажлууд хийгдэж байгаа. Буудайн дээр бол одоогоор ийм судалгаа хийгдээгүй.

-Газар тариалан гэхээр бид буудайгаа л бодож байна л даа. Гурилын үйлдвэрүүдээ дотоодын буудайгаар хангах, чадвал экспортлох гэхчлэн. Ганд тэсвэртэй буудайны сорт гэдэг нь эдийн засгийн өндөр үр ашигт чиглэнэ биз дээ?

Энэ судалгааны ажлаа цааш нь үргэлжлүүлээд буудайны ганд-тэсвэртэй, эрт болцтой, өндөр газар тариалах боломжтой тийм сортын үр үржүүлгИйн ажлыг бас хийнэ гэж бодож байгаа. Одоохондоо манай улс дотооддоо яг сортоороо дагнасан үрийн аж ахуй ховор. Холимог тариалан байгаа байхгүй юу.

Тиймээс элит сорт гаргах ажлын эхлэлийг тавина л гэж төсөөлж зорьж байна. Ер нь ерэн оноос өмнө манайд үр үржүүлгийн аж ахуйнууд олон байсан. Зах зээлд шилжсэнээс хойш ийм аж ахуйнууд байхгүй болсон.

Тэгэхээр хийсэн судалгааныхаа ажлаараа энэ аж ахуйнуудыг сэргээнэ, өөрөө ямар ч гэсэн эхлэлийг нь тавина гэж зорьж байгаа. Сортын үр үржүүлгийн ажил одоо ганцхан Дарханы ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн дээр л хийгдэж байна.

-Тухайн сортоо л тарина гэсэн үг үү?

Яг элит сортоо тарина гэсэн үг.

-Одоо холимог сорт юм уу дан ганц импортын сорт тарьж байгаа юм уу?

Манай оронд нутагшсан сортуудын хүрэлцээ бага байгаа болохоор гаднаас сорт импортолж байна шүү дээ. Монгол орондоо нутагшсан сортоор тарьж байгаа компани ер нь ховор байгаа.

-Судалгааны энэ ололт тань хөрсөн дээрээ буусан цагт газар тариалангийн өртгийг багасгах уу. Ургац нэмэгдэх, импортын зардлыг халахаас өгсүүлээд?

Багасгана. Монгол оронд дасан зохицсон нутагшсан сортыг бий болгоно гэдэг маань ургац алдах эрсдлийг хааж байна гэсэн үг л дээ. Ер нь гаднын сортыг авчраад тарина гэдэг чинь цаг уурын нөхцөлөөс хамаараад зарим жилд ургана, зарим жилд ургахгүй ч байна.

- Ганд тэсвэртэй сорт гаргаж авч байгаа үржлийн аргаараа сэрүүнд тэсвэртэй сорт руу ч хөрвөж бас болно биз дээ?

Миний судалгаандаа авсан генүүд маань ган, хүйтэн, давс гэсэн гурван стрессийг гурвууланг нь коодолдог генүүд байгаа. Энэ генүүд нь гаднаас стресс ирсэн тохиолдолд ажиллаж, уургаа нийлэгжүүлж, тэр таагүй нөхцөлийг даван туулах дархлааг л ургамалд бий болгож байна гэсэн үг л дээ.

-Та залуу эрдэмтний хувьд, жишээ нь таны судалгааны ололтыг амьдралд хэрэглэх хүртэл хэр хугацаа орох бол?

Хийсэн судалгаа маань ямар ч байсан тодорхой түвшинд үнэлэгдээд гараад ирлээ. Бид нарыг улс жаахан дэмжээд өгвөл энэ ажлаа эрчимтэй үргэлжлүүлээд, үр үржүүлээд, ганд тэсвэртэй сортын үрээр Монгол Улсаа хангах боломжтой. Суурь судалгааныхаа ажлыг ямар ч байсан хийчихлээ. Одоо үр ашгийг нь гаргахын тулд инновацийн төсөл бичнэ л гэж зорьж байгаа.

-Сортын үр үржүүлгийн аж ахуйн эхлэлийг тавина гэж сая та хэллээ. Ийм хувийн аж ахуй, компаниудыг сэргээх бололцоо нь ямар байдаг юм бэ?

Одоо л харин энэ талаар манай судлаачдын баг хамтраад судалгаа шинжилгээний ажил хийж байна. Бидний дараагийн хийх ажил бол үр үржүүлгийн компаниа нээх ёстой юм байна даа гэж харж байгаа.

-Таны судалгааны ажилд удирдагч багш гэж байна уу?

Миний удирдагч багш Ванжилдоржийн Энхчимэг гэж хүн бий. Энэ хүн БНСУ-д зургаан жил суралцаж докторын зэрэг хамгаалсан. Гольфийн талбайн өвсөнд хүйтэнд тэсвэртэй ген шилжүүлэн суулгах ажил хийсэн хүн байгаа. Өвөл ч ногооноороо байж байдаг өвсийг гаргаад авчихсан.

Тэгээд шинжлэх ухааны доктороо АНУ-д хамгаалаад ирсэн. Энэ багш маань өөрөө маш их туршлагатай хүн. Байцаан дээр гэхэд л байцааны бактерийн эсрэг өвчинд тэсвэртэй генийг шилжүүлэн суулгаад тухайн өвчинд тэсвэртэй байцааг гаргаад авчихсан байх жишээтэй. Тэгэхээр энэ ажил дээр манай судлаачдын баг бол хангалттай. Харин эдийн засгийн асуудал мэдээж хаа хаанаа хүндрэлтэй байгаа.

Гэхдээ бид чадна гэж бодож байна. Ган тэсвэрийг коодолдог хэдэн мянган ген байдаг. Одоохондоо би арван генийг судалсан байгаа. Цаашдаа судалгаагаа үргэлжлүүлээд илүү олон генийн судалгаа хийнэ. Арван генийн судалгааг Монгол оронд нутагшсан зургаан сортонд хийсэн. Тэрнээс “Дархан 131” гэдэг сорт нь арван генээс есөн ген нь экспрессээ үзүүлсэн. Илүү тэсвэртэй байна гэсэн үг.

Одоо бид нар дараагийн ганд тэсвэртэй сорт гаргаж авахад энэ “Дархан 131" гэдэг сортыг эхээр нь юм уу эцгээр нь сонгож авахад ганд тэсвэртэй сорт гарах нь тодорхой байна гэж үйлдвэрүүдэд зөвлөж байгаа юм. Харин цаашаа хийх ажил бол “Дархан 131” сортоо үржүүлээд гаргаж авна гэсэн төсөөлөл байна.

Одоо манайх Оросоос ямар сорт нь мэдэгдэхгүй сортууд авчраад тариад байдаг. Тэгээд гурилын чанар муу байна гэх мэт янз бүрийн яриа гардаг. Тэгэхээр Монголын эрдэмтэд Монголдоо өөрсдийн сортыг гаргаж авч байж дотоодынхоо хэрэгцээг хангана гэж боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин, Дугаар28267

3722 Last modified on Пүрэв, 26 3-р сар 2015
Login to post comments