Мэдээ мэдээлэл

3-р сар 21 Written by 

Эндофит бичил биетэн

Rate this item
(2 votes)

Эндофит гэдэг нь амьд ургамлын эд дотор эзэн ургамалдаа ямар нэг гадаад шинж тэмдэг үзүүлэхгүй амьдардаг бичил биетэн бөгөөд харин ч ургамлыг хамгаалах, гадны нөлөөнд тэсвэрлэх чадварыг олгодог бодисууд нийлэгжүүлснээр ургамалд бодит ашиг тусаа өгдөг (Rodriguez et al., 2008).

Өдгөө эндофитүүд нь анагаах ухаан, газар тариалангийн ач холбогдол бүхий шинэ шинэ бодисуудын чухал эх үүсвэр хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тэд антибиотик, антиоксидант, вирусын эсрэг, хавдрын эсрэг зэрэг олон биологийн идэвхт бодис нийлэгжүүлэх өндөр чадвартай (Strobel & Daisy, 2003). Түүгээр ч барахгүй зарим эмийн ургамлын эндофит мөөгөнцрүүд нь эзэн ургамалтай адил эмт бодис нийлэгжүүлэх чадвартай (Tan & Zou, 2001; Strobel et al., 1996). Жишээ нь: paclitaxel (Taxol) хэмээх хавдрын эсрэг эмийг Улаан мод (Taxus) гэгдэх нэгэн төрлийн халуун орны шилмүүст модноос гаргаж авдаг бөгөөд 1993 онд Taxus brevifolia модноос paclitaxel нийлэгжүүлэх чадвартай Taxomyces andreanae эндофит мөөгөнцрийг ялгаж тодорхойлсон байдаг. Ийм эндофит бичил биетнийг ашигласнаар удаан ургадаг, ховор эмийн ургамлын хэрэглээг багасгаж, тэдгээрийн нөөц, төрөл зүйлийг хамгаалах төдийгүй, чухал ач холбогдол бүхий эмт бодисыг хялбар бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй үйлдвэрлэх боломжтой. Нөгөө талаар эндофитүүд нь өвөрмөц орчинд, тодруулбал, ургамал дотор амьдардаг тул ургамлаас шинэ зүйлийн бичил биетэн илрэх магадлал өндөр (Strobel & Daisy, 2003). Иймээс ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар эндофит бичил биетний судалгаа эрчимтэй хийгдэж, Thomson Reuters БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран гаргасан 2014 оны шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн жагсаалтад орсон байна.

Монгол оронд 3000 гаран зүйлийн ургамал ургадаг ба тэдгээрээс 845 зүйл нь эмийн ургамал, 150 зүйл нь эндемик буюу унаган ургамал байна. Өөрийн орны уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмт бодис бүхий ургамлууд, эндемик ургамлуудын эндофит бичил биетнийг судлах нь шинжлэх ухааны төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой. 

 Доктор Ж.Энх-Амгалан

ШУА-ийн Биологийн хүрээлэн

Мэдээлэл бэлтгэсэн: Хөдөө аж ахуй,биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо

3756 Last modified on Бямба, 21 3-р сар 2015
Login to post comments