Мэдээ мэдээлэл

3-р сар 03 Written by 

Залуу судлаач Б.Дэлгэрбат: Судалгааны ажлын үр дүнд Будан барбадын усан ханднаас байгаль дээр урд өмнө тохиолдож байгаагүй 8 нүүрстөрөгчийн атомаас тогтсон ДНХ-г хамгаалах идэвхтэй лептофумарин бодис нээсэн юм.

Rate this item
(2 votes)

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хуралд Байгалийн ухааны салбараас “Будан барбадын ДНХ-ийг хамгаалах болон антиоксидант идэвхийн судалгаа” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Доктарант Б.Дэлгэрбатыг бид энэ удаагийн Залуу Эрдэмтэн булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргье. Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

Баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Болдбаатарын Дэлгэрбат гэдэг. Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг 2003 төгсөөд, МУИС-ын Биологийн сургуулийн биотехнологийн ангид урилгаар элсэн суралцаж, 2007 онд биотехнологич, микробиологич мэргэжлээр төгссөн. Улмаар 2010 онд магистрын зэрэг хамгаалж, одоогоор МУИС, Шинжлэх Ухааны Сургуульд докторантурт суралцахын зэрэгцээ, Биоорганик хими, Фармакогнозын лабораторид гэрээт эрдэм шинжилгээний ажилтан хийж байна.

Яагаад Байгалийн Шинжлэх Ухаан тэр дундаа Химийн Ухааныг сонирхон судлах болсон шалтгаан нь юу вэ?

Юмыг танин мэдэх, тэр дундаа байгалийн нууцыг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл маань намайг байгалийн шинжлэх ухаан руу хөтөлсөн гэж боддог. Багаасаа яагаад гэдэг асуултыг их асуудаг хүүхэд байсан гэж аав ээж минь ярьдаг. Миний одоогийн суралцаж байгаа чиглэл маань Фармакогнози буюу байгалийн гаралтай эх үүсвэр болох ургамал, амьтан, бичил биетнээс эм, эмийн бэлдмэл гаргаж авах чиглэл юм. Судлаачид бид эм гаргаж авч чадвал өвчин эмгэгийг анагаагаад зогсохгүй, улс эх орны маань эдийн засагт ч мөн том хувь нэмэр болох юм.

Таны судалгаа Будан барбадын ДНХ-ийг хамгаалах болон антиоксидант идэвхийн судалгаа сэдэвтэй юм байна. Энэхүү ажлынхаа тухай танилцуулна уу. Практик ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Цаашид ямар байдлаар энэхүү судалгаа тань үргэлжилэх вэ?

Амьд организмын удамшлын мэдээллийг хадгалагч ДНХ нь физик, хими, биологийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтдэг бөгөөд эдгээр гэмтлээс шалтгаалаад янз бүрийн өвчлөлүүд, ялангуяа хорт хавдар үүсдэг. ДНХ-г хамгаалах идэвх гэдэг нь ургамлын ханд болон түүнээс ялгаж авсан нэгдлүүд нь хавдар үүсгэгч химийн бодисоос ДНХ-г хамгаалж байгаа юм. Ингэж ДНХ-г гэмтлээс хамгаалснаар янз бүрийн өвчинүүд болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх практик ач холбогдолтой.

Энэ ургамал нь Монголын уламжлалт анагаах ухаанд янз бүрийн өвчнүүдийн үед хэрэглэгдсээр ирсэн эмийн ургамал юм. Энэхүү судалгаандаа Будан барбадын ургамлын хандууд болон түүнээс ялгасан нэгдлүүдийн ДНХ-ийг гэмтээх хоруу чанар болон хавдар үүсгэгч бодисын өдөөсөн ДНХ-ийн гэмтлийг хамгаалах идэвхийг хулганы лимфоцитын эсийн өсгөвөр дээр тодорхойлж, мөн антиоксидант идэвхийг тогтоосон.

Судалгааны ажлын үр дүнд Будан барбадын усан ханднаас байгаль дээр урд өмнө тохиолдож байгаагүй 8 нүүрстөрөгчийн атомаас тогтсон ДНХ-г хамгаалах идэвхтэй лептофумарин бодис нээсэн юм. Мөн н-бутанол ханднаас лутеолин-7-О-гликозидыг ялгаж, ДНХ-г хамгаалах өндөр идэвхтэй бодис болохыг тогтоосон. Антиоксидант идэвхийн үр дүн дээр үндэслэн Будан барбадад агуулагдаж буй нэгдлүүд нь хавдар үүсгэгч бодисын өдөөсөн ДНХ-ийн гэмтлийг антиоксидант механизмаар хамгаалж байж болох юм гэж үзээд байна.

Цаашдаа дараагийн шатны судалгааг хавдарын эс дээр болон in vivo орчинд хийх, тухайлбал судалтай загасан дээр хийсэн анхан шатны судалгаагаар Будан барбадын хандууд нь ДНХ-г хамгаалах идэвх үзүүлээд байгаа. Мөн байгалийн гаралтай урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн гаргаж авах, цаашлаад эм, эмийн бэлдмэл гаргах судалгааг хийх хэтийн зорилттой судалгааны ажлаа хийж байна.

Энэхүү Будан барбад нь олон улсад хэр судлагдсан талаар сонирхож асуувал?

Будан барбад нь Сибирь, Монгол, Хятад, Хойд Солонгосын нутгаар тархаж ургадаг. Хэдийгээр уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдсээр ирсэн ч химийн найрлага, биологийн идэвхит нэгдлүүд, фармакологи болон токсикологийн идэвхийн тухай манай оронд төдийгүй олон улсад хараахан судлагдаагүй байгаа.

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу. Бид цааш цаащдын ЭШБХ-ын зохион байгуулалт дээр юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

Энэ жил анх удаагаа залуу эрдэмтэн судаачдын дунд зохиогддог Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Жил ирэх тусам хуралд оролцож буй бүтээлүүдийн тоо нэмэгдэж, илтгэлүүд чанаржиж, нэр хүндтэй хурлуудын нэг болж өргөжин тэлж буй гэж боддог. Энэ нэр хүнтэй хуралд оролцож, өөрийнхөө судалгааны ажлыг эрдэмтэдээрээ шүүлгүүлж, грантын эзэн болсондоо баяртай байна. Зохион байгуулалтын хувьд миний бодлоор хурлын эмхтгэл дээр хэвлэгдэн гарч байгаа өгүүлэлүүд дээр тавигдах шаардлагыг өндөрсгөх, мөн байгалийн ухааны салбарын хувьд физик, хими, математикийн салбарын залуу эрдэмтэд өрсөлддөг болохоор эдгээр салбаруудаас зөвхөн 2 грантын эзэн тодруулахад хүндрэлтэй, зарим сайн бүтээлүүд нь грант авалгүй үлдэх тохиолдол байгаа юм шиг санагдсан.

Монголд ер нь  судалгааны ажил эрхлэхэд тодорхой хүндрэл бэрхшээл тулгардаг байх, энэ үед зорилгоосоо шантрах үе тохиолдохыг үгүйсгэхгүй. Ийм үед юу таньд эрч хүч өгч зорьсон зорилгоо биелүүлэхэд түлхэц болдог вэ?

Хүндрэл бэрхшээл тулгаралгүй яахав. Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт бага хийгдэж байгаа учраас ихэнх тохиолдолд урвалж бодис, тоног төхөөрөмж авах хангалттай төсөв байдаггүйгээс заримдаа судалгааны ажилд маань хүндрэлүүд гарна.  Цаашлаад бусад мэргэжлүүдтэй харьцуулбал өрсөлдөхүйц цалин авдаггүй. Шантарсан үед өмнөө тавьсан зорилго, энэ бүгдийг даван туулна гэсэн итгэл маань хөдөлгөх хүч болж байдаг.

Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй, шантрамтгай биш, тууштай, зорилгынхоо ард гардаг зан чанар чухал гэж боддог.

МЗЭХ-ноос залуу эрдэмтэн, судлаачиддаа зориулсан ямар үйл ажиллагааг хүсэн хүлээдэг вэ?

Нийт массыг хамарсан, үйл ажиллагаанууд зохион байгуулбал зүгээр юмуу гэж боддог. Тухайлбал, залуу эрдэмтэд уулзалдаж өөрсдийн санал бодлоо солилцон, ирээдүйн чиг хандлагыг ярилцдаг чөлөөт уулзалтыг сардаа нэг зохиох ч юмуу. Тэр уулзалтан дээрээ эрдэмтэдийг урьж мөн илтгэл тавиулж болох юм.

МЗЭХ-ны ирээдүйн гишүүн залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг...

Залуу эрдэмтэн судлаачиддаа хандан хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл, зорилгынхоо ард гарч эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө ихийг хийж бүтээхийн сэтгэлээр бүгд хичээцгээе гэж уриалмаар байна.

Баярлалаа, таны цаашдын эрдмийн ажилд улам их амжилт хүсье!

3690 Last modified on Мягмар, 03 3-р сар 2015
Login to post comments