Мэдээ мэдээлэл

3-р сар 02 Written by 

“СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” УУЛЗАЛТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Rate this item
(0 votes)

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, түүний нэг салбар болох Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран  “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” сэдэвт уулзалт семинарыг 2015 оны  2-р сарын 27 ны Баасан гарагт Монгол-Японы төвийн хурлын танхимд 140 гаруй залуу эрдэмтэн судлаач нарын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт семинарын онцлог нь  оролцогчдыг цахим хэлбэрээр бүртгэсэн бөгөөд энэ нь зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага бус бусад  төр ба хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй залуу эрдэмтэн, судлаач бүрт нээлттэй, өргөн хүрээтэй болж өндөрлөлөө.

Уг уулзалт семинарыг Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Яамны, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор (Ph.D), Д.Баттогтох нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “МЗЭХ 2014-2018 онд судалгаа хөгжлийн чиглэлийг эрхэм болгож, нийгэм, эдийн засаг болон залуу эрдэмтэн судлаачдад чиглэсэн шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч сэтгэх хүчний (think-tank) байгууллага болно” хэмээн онцлоод Холбооноос дэвшүүлж буй үндсэн зорилтуудыг танилцуулав. Цаашлаад тэрээр “Монгол Улс уул уурхайд түшиглэсэн  эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт суурьласан эдийн засагт шилжиж байгаа өнөө үед оюуны чиглэл буюу мэдлэгийн эдийн засгийг дээдлэх нь хөгжлийн  зөв гарцанд хүргэх зам” юм хэмээв. Тэрээр мэдлэгийн эдийн засгийг үнэлэх үндсэн 4 шалгуур үзүүлэлтүүдийг дурьдсан бөгөөд үүнд: “(i) эрх зүйн зохицуулалт, (ii) мэдлэг боловсрол, бүтээлч ур чадвартай хүний нөөц, (iii) тогтвортой өсөн нэмэгдэж буй зөөлөн дэд бүтэц ялангуяа мэдээлэл технологийн дэд бүтэц, (iv) боловсролын асуудал, үр ашигтай инновацийн тогтолцоо юм” хэмээлээ. МЗЭХ-ноос энэхүү мэдлэгийн эдийн засаг бий болгохолд чиглэгдсэн олон  нийтэд хандсан ажлуудыг санаачилан хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийн энэхүү семинар нь мэдлэгийн эдийн засагт оруулж буй багахан хувь нэмэр юм хэмээн  онцоллоо.

Мөн хурлыг БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л. Лувсанжамц нээн үг хэллээ. Тэрээр мэдлэгийн эдийн засгийн үр нөлөөг тодотгон тайлбарлаад мэдлэгийг хувиргаад эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг ойлголт, түүний хандлага манайд дутмаг байгааг илэрхийлж Инновацийн бүтээгдэхүүн гэдэг бол 30 орчим хувь нь шинжлэх ухааны бүтээл үлдсэн хувь нь эдийн засаг зах зээлийн асуудал буюу хэрэглээнд оруулах асуудал учир үүнтэй уялдуулан эрдэмтэд болон хөрөнгө оруулагчдыг хооронд нь  холбож өгдөг механизм дутагдалтай байгааг дурьдсан юм. Иймд БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газраас салбар чиглэл бүрээс тодорхой төслүүдийг гаргаж ирэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгааг дурдлаа. Мөн инновацийн хууль эрх зүйн орчны хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.  Түүнчлэн БСШУЯ нь Шинжлэх Ухааны Паркыг байгуулахад анхаарлаа голлон хандуулж ажиллаж байгаагаа тус тус илэрхийллээ.

Уг хуралдааныг МЗЭХ-ны Ерөнхий зөвлөх,  БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), Д. Одгэрэл удирдан явуулсан бөгөөд МЗЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D), А. Саулегүл  МЗЭХ-ноос 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний товч танилцуулга хийснээр илтгэлүүд эхэлсэн юм.  Үүний дараагаар "Шинжлэх Ухаан ба Инновацийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт илтгэлийг  ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор (Sc.D), профессор, Л.Оюунцэцэг, "Инновацийн эрх зүйн орчин"  сэдвээр БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), Б. Авид нар илтгэл тавиад хуралдаан түр завсарласан юм. Завсарлагааны дараа "Аж үйлдвэрлэлийг цогцолбороор хөгжүүлэх боломж" сэдвээр ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, доктор (Ph.D), профессор, С.Төгс, "Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар дахь тэргүүлэх чиглэл, инновацийн асуудалд" сэдвээр Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), Б.Пүрэвсүрэн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд эцэст нь "Судалгаа хөгжлийн менежмент ба мэдлэгийн арилжаа" сэдвээр МЗЭХ-ны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Яамны, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор (Ph.D), Д.Баттогтох илтгэлээ тавьлаа.

Илтгэлүүдийн дараагаар  залуус санал бодлоо илэрхийлэн илтгэгч нарт асуулт тавьж, хариулт аван  нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Жишээ нь:  IT Zone компаны мэргэжилтэн МЗЭХ-ноос хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар лавласан бөгөөд МЗЭХ-ны ерөнхийлөгч доктор (Ph.D), Д.Баттогтох: “МЗЭХ судлаач гишүүдээ бүртгэх үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд эдгээр гишүүдийнхээ мэргэшил, мэдлэг дээр тулгуурлан шинэ төсөл санаачилан ажиллах,  мөн бий болгосон технологоо хөрөнгө оруулагч нарт танилцуулах гэсэн хоёр чиглэлийг баримталж байна”. ШУА-ийн Технологи инкубатор төвийн инноваци төсөл хариуцсан мэргэжилтэн дараах санааг дэвшүүллээ: МЗЭХ-ны дэргэд Судалгаа хөгжлийн нээлттэй E-төв нээх, ШУА-ийн Инкубатор төв дээр Шинжлэх ухаанд түшиглэсэн бизнес, технологид тулгуурласан үйлдвэрлэл гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа үүн дээр хамтарч ажиллах, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбоо залуу судлаач нарт тогтмол сургалт семинар явуулах, ШУА-ийн Инкубатор төв дээр Технологийн судалгааны үндэсний технологи боловсруулж байгаа үүн дээр залуу судлаач нарыг хамтран ажиллахыг уриалж байна, МЗЭХ-ны дэргэд Бизнес удирдлагын залуу эрдэмтдийн холбоо байгуулах зэрэг санаануудыг дэвшүүллээ.

Эцэст нь Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), Б.Пүрэвсүрэн хааж үг хэллээ: “Бид иймэрхүү төрлийн үйл ажиллагааг өмнө нь явуулж байсан бөгөөд энэ удаагийн семинар маань шинэлэг инновацилаг байцгаая гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлын зохион байгуулалт ч гэсэн бүртгэл, зар, урилгаа онлайн хэлбэрээр хүргүүлсэний адилаар бид цаашдын үйл ажиллагаагаа ч гэсэн иймэрхүү маягаар эдийн засаг болон цаг хугацааны хувьд хэмнэлттэйгээр хийх болно. Иймд та бүхэн МЗЭХ-ны цахим хуудас Facebook, Twitter хуудаснаас мэдээлэлийг тогтмол авах боломжтой гэдгийг дурдмаар байна. Өнөөдрийн бидний ярилцсан энэхүү Судалгаа хөгжлийн менежментийн асуудалтай холбогдуулан хэлэхэд Бодлогыг салбар салбарт нь хөгжүүлэх нь нэн чухал юм".

Эцэст нь уулзалт семинарт оролцсон нийт хүндэт илтгэгч, судлаачид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олон, оролцогч та бүхэнд  Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Tagged under :
3090 Last modified on Мягмар, 03 3-р сар 2015
Login to post comments