Мэдээ мэдээлэл

12-р сар 30 Written by 

Залуу судлаач Э.Гансүх: Судалгааны ажил хийх сонирхолтой болсон шалтгаан бол мэдээ орсон цагаас маань эхэлсэн.

Rate this item
(0 votes)

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хуралд Байгалийн ухааны салбараас “Усанд диссперс үүсгэдэг графин ба түүнийг суферкапазитороор ашиглах нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон БНСУлсын Улсаны их сургуулийн химийн тэнхимийн докторант Э. Гансүхийг бид энэ удаагийн Залуу Эрдэмтэн булангийнхаа зочиноор урин ярилцлаа..

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

Намайг Эрдэнэдэлгэрийн Гансүх гэдэг одоо 25 настай. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р 10-н жилийн дунд сургуулийг 2006 онд төгсөөд 2010онд Монгол Улсын Их Сургуулийн Химийн факультетийг Нефтийн химич мэргэжилээр бакалаврын зэрэгтэй төгссөн, 2011оноос хойш БНСУлсын Улсан хотын Улсаны Их сургуульд Химийн ухааны мастер докторын хосолсон сургалтаар сүүлийн жилдээ суралцаж байна.

Өнөөдөр та дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болох БНСУ-ын нэр хүндтэй их сургуульд Монгол улсынхаа залуу эрдэмтдийг төлөөлөн сурч, ажиллаж байгаа юм байна. Яагаад та энэ улсад Докторын зэрэг хамгаалах болсон талаар бидэнд сонирхолтой санагдаж байна.

Техник технологи, шинжлэх ухааны салбарт хүч түрэн хурдацтайгаар орж ирж байгаа орны тоонд БНСУлс бол зайлшгүй орж байгаа ялангуяа байгалийн ухааны чиглэл болох физик, хими, шинэ материалын судалгаа гэх мэт, үүнтэй холбоотойгоор сонирхож басхүү өөрийн хэмжээндээ сурах боломжийг судлаж байсан. Учир нь хаана шинжлэх ухааны салбартаа анхаарч хөгжүүлж баялаг болгож байна тэнд шинэ болоод үнэн мэдлэг цугларч басхүү хэрэглэгдэж байдаг тэр мэдлэгээс өөрийн хэмжээгээр эзэмшихийг хүссэн хэрэг.

Улсаны Их сургууль 2010 оноос Монгол Улсын Их сургуультай хамтарч ажиллах гэрээ байгуулсан байсан нь надад энд сурах боломжийг олгосон. Энэ бүх боломж болоод мэдээлэлээр хангаж өгсөн гэр бүлийхэн болон Монгол Улсын Их сургуулийн Химийн факультетийн багш Доктор Г. Батчимэг, Монгол Улсын Их сургууль, Улсаны Их сургуулийн төгсөгч Доктор, Профессор Д. Одхүү нарт баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлмээр байна.

Магадгүй таны ярилцлагыг уншаад танай сургуульд сурах сонирхолтой залууст хандан та сургуулийнхаа тухай товчхон мэдээлэл өгнө үү.

Улсаны Их сургууль БНСУ-ын долоон Метрополитан хотын нэг Улсан хотод байдаг, 1970 онд байгуулагдсан Хюндай компаны хөрөнгө оруулалттай сургууль. Физик, хими болоод байгалийн ухаан цаашлаад машин механизм инженерийн чиглэлдээ сайн сургуулиудын нэг. Шинэ материал судлалын чиглэлд маш олон төслийг гүйцэтгэдэг мөн түүнчлэн анагаахын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Ази тивдээ томд орох өөрийн эмнэлэгтэй олон төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг БНСУ-ын том сургуулиудын нэг.

Дээр дурьдсанчилан Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтын ажиллагаатай, энэ шугамаар оюутан солилцоо болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Гадаадын их дээд сургуульд Докторын зэрэг хамгаалах Монголдоо Докторын зэрэг хамгаалахаас юугаараа ялгаатай давуу вэ мөн учир дутагдалтай тал юу байна?

Мэдээж маш олон ялгаа байгаа багаж техник, бодис урвалж орчин нөхцөл гээд л эхлэнэ наандаж бусад эрдэмтдийн хийсэн судалгааны ажлыг цаг алдалгүй авч цаандаж өөрийн судалгааны ажлыг хэвлүүлэхэд хялбар. Энэ мэтчилэн хувь хүн талаасаа хөгжих боломж маш их. Би энэ үгээрээ Монгол улсын Их дээд сургуулиудын боломжийг үгүйсгэсэнгүй. Хэдийгээр манай орны хувьд учир дутагдалтай зүйлс олон байгаа ч бид өөрсдийн нөхцөл байдлыг сайн ашиглаж чадвал заавал гадны орныг зорих шаардлага байхгүй гэдгийг маш сайн ойлгосон. Бидэнд бүх түүхий эд судалгааны материалууд байна, хэдий хуучин ч ашиглаж болох багаж техник байгаа хамгийн чухал нь бидэнд мундаг боловсон хүчин мэдлэгтэй эрдэмтэн судлаачид олон байгаа нь гол.

Гадаадын их дээд сургуульд зэрэг хамгаалахын хамгийн учир дутагдалтай тал нь бидний буюу Монгол эрдэмтэний хүч оюунаа шингээсэн бүтээл, бүтээгдэхүүн нь өөр орны нэр доор, өөр орны бүтээгдэхүүн, бүтээл болж байгаа нь хамгийн харамсалтай.

Яагаад судалгааны ажил хийх сонирхолтой болсон бэ?

Судалгааны ажил хийх сонирхолтой болсон шалтгаан бол мэдээ орсон цагаас маань эхлэнэ. Миний ээжийг Сономын Баярчимэг гэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р дунд сургуулийн химийн багш хүн бий. Би ээжийгээ хичээлээ зааж байгаа болон туршилт үзүүлж байгааг нь харж өрөөн доторхи тэр олон өнгө өнгийн бодиснуудыг хольж өөр шинэ өнгө гаргаж байгааг нь харснаас хойш өөрийн гараар, өөрийн шинэ өнгийг гаргах хүсэл минь өнөөдрийн судалгааны ажил хийх сонирхолыг минь төрүүлж өгсөн.

Таны судалгаа “Усанд диссперс үүсгэдэг графин ба түүнийг суферкапазитороор ашиглах нь” сэдэвтэй юм байна. Энэ судалгаа таны бие даасан судалгаа юу эсвэл Их сургуулийнхаа төлөөлөлтөй хамтарч явуулсан судалгаа юу? Та судалгааныхаа ажлын талаар ерөнхийд нь танилцуулахгүй юу?

Энэхүү судалгааны ажил нь 2 жилийн хугацаанд хийгдсэн хэдийгээр бүх ажлыг өөрийн гараар хийсэн боловч зарим нэг үр дүн дээр хэлэлцэж зөвлөлдсөн учраас энэ нь багийн хамтарсан судалгаа болсон. Уг судалгааны ажил нь Графиныг тогтвортойгоор усанд диссперс үүсгэх, хамгийн гол нь энгийн хялбар аргаар эдийн засгийн хувьд ашигтай байдлаар гаргаж авах, улмаар цаашдын судалгаанд ашиглах гэсэн зорилготой байсан.

Графиныг 2004 онд ОХУ-ын 2 эрдэмтэн гарган авч 2010 онд Физикийн салбарын Нобелийн шагналыг авсан, одоогоор судалгааны маш сонирхолтой материал болж байгаа, учир нь энэхүү материал нь дан ганц нүүрстөрөгчийн атомаас бүрддэг цахилгаан дулаан дамжуулдаг, гангаас 100 дахин бат бөх, уян харимхай чанар гэх мэт маш олон давуу талуудтай. Хэрвээ бидний тавьсан зорилго амжилттай болсон тохиолдолд маш олон зүйлд ашиглаж болох боломж нээгдэнэ. Ажил амжилттай болж гаргаж авсан гарфинаа бид суферкапазитороор ашиглахаар болж полианилинтай нэгдүүлсэнээр маш сайн үр дүнд хүрсэн. Энэ төрлийн судалгааны ажлуудаас илүү хэмжээний энерги хадгалаж мөн эдийн засаг болоод байгальд ээлтэй ажил болж чадсанаараа давуу байж чадсан. Уг судалгааны ажил маань бүрэн эхээрээ Journal of Materials Chemistry (imfact factor 6.4) нэртэй олон улсын хэвлэлд хэвлэгдсэн байгаа.

       Миний судалгааны ажилдаа гол тавьдаг шалгуур бол манай улсад үргэлжлүүлэн судлаж сайжруулах боломжтой, энгийн хэрнээ үр ашиг сайтай ямар ч материалд ашиглаж болох эх орны хөрсөнд суурьших боломжтой, бүтээгдэхүүн байх гэсэн хувийн зорилго байдаг. Энэ зорилгынхон нэгэнд хүрсэндээ баяртай байгаа. Цаашдаа ч энэ зорилго шаардлагадаа нийцүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь энэ төрлийн судалгааг манай улсад хийх бүрэн боломжтой, бүх түүхий эд нь манай оронд байгаад би их баяртай байгаа.

Судалгааны ажлынхан практик ач холбогдолыг танилцуулаач.

Дээр дурьдсанчилан усанд тогтвортой диссперс үүсгэх чадвартай гарфиныг суферкапазиторт хэрэглэхээс гадна маш олон төрлийн материалд хэрэглэх боломжтой жишээ нь дэлгэц, дамжуулагч, чанаржуулагч гэх мэт.

Суферкапазиторт ашигласан нь хямд төсөр энерги хадгалах чадвартай төдийгүй суферкапазиторын хөгжилд нэмэр болж чадсанд байгаа юм. Суферкапазитор гэдэг энгийн үгээр бол зай хураагуур дараагийн үеийн батерей юм. Энэ төрлийн судалгаа нь маш эрчимтэй хийгдэж байгаа, зорилго нь ирээдүйн цахилгаан машин хийгээд цахилгаанаар ажилладаг технологид илүү удаан хугацаанд цэнэгээ хадгалаж ашиглагдаж, хурдан хугацаанд цэнэгээ хуримтлуулж чадах энерги агуулагчийг бүтээх юм.

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно гэдэг бол Монголын залуу эрдэмтдийн хувьд нэр төрийн хэрэг гэж би хувьдаа боддог.

Энэ хуралд оролцож ахмад эрдэмтэд, залуу судлаачидаараа өөрийн бүтээлээ шүүлгэж мөн өөрийн хийсэн ажилаа хуваалцаж тэдний санал бодол, шүүмж,эрдэмийн шимээс хүртсэндээ маш их баяртай байгаа.
Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Судлаач хүний зайлшгүй эзэмших чадвар бол хэзээ ч цуцашгүй шинэ санааны хайгуулч байх, үргэлж өөдрөг чадна гэсэн өөртөө итгэх итгэл дүүрэн, хүний мөстэй байх энэ бол стандарт зан чанар гэж боддог.

Нэмж хэлэхэд Америкийн зохион бүтээгч Томас Эдисон чийдэнг зохион бүтээсэнийхэн дараа “Би 1000 аргаар чийдэнг яаж бүтэлгүй болгох аргыг мэднэ, энэ бол маш их мэдлэг” гэж хэлж байсан гэдэг. Тийм учир бүтэлгүйтлээсээ хүртэл мэдлэгийг олох чадвар эзэмшсэн байх ёстой гэж үздэг.

МЗЭХ-ноос залуу эрдэмтэн, судлаачиддаа зориулсан ямар үйл ажиллагааг хүсэн хүлээдэг вэ?

МЗЭХ-ноос хүсэн хүлээдэг үйл ажиллагаа гэвэл мэргэжил нэгтэй судлаач залуучуудыг хооронд нь холбож өгөх тэднийг бие биетэйгээ мэдлэгээ хуваалцах боломж нөхцөлийг хангаж, тэднийгээ таниулах ажлыг олон зохион байгуулахыг хүсдэг. Хэдийгээр бид бие биенээ мэддэг ч бидний мэдэхгүй олон чадварлаг залуус байдаг.

МЗЭХ-ны ирээдүйн гишүүн залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг...

Хэзээ ч бүү бууж өг амжилтаа битгий гол, бүтэлгүйтэлдээ хэрхэн хандаснаас таны ялагч эсхүл ялагдагч гэдэг тодорхойлогдоно.

Бидний саналыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын судалгааны ажилд тань өндөр амжилт хүсье. Мөн танд ирж буй 2015 онд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг дэвшүүлье.

Баярлалаа. Таны ажилд мөн амжилт хүсье.

4301 Last modified on Мягмар, 30 12-р сар 2014
Login to post comments