Мэдээ мэдээлэл

11-р сар 03 Written by 

Хүрэлтогоот 2014 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Rate this item
(0 votes)

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 17-ноос 11 сарын 1-ны хоорнод 14 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Хөдөө аж ахуй, Нийгэмийн ухаан гэсэн 5 салбараар ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдсан бөгөөд Техник технологийн салбар хуралдааны хувьд оролцогчдын тоо хамрах хүрээ өргөн учир   ШУТИС, Шинжлэх ухаан технологийн төв номын сангын байранд инноваци, хэрэглээ болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан зохион байгуулагдсан.

Энэ жилийн "Хүрэлтогоот 2014" зургаан салбарын эрдэм шинжилгээний бага хуралд БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, Д.Баттогтох, Г.Оюунцэцэг, Б,Оюундэлгэр, СЭЗДС-ийн дэд захирал Л.Мөнхбаяр, Доктор С.Молор-Эрдэнэ, ШУТС-ын захирал Х.Дондог, дэд захирал Л.Энхтунгалаг, ЖДҮХ сангийн захирал Б.Баттүвшин нар болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэн судлаач нар оролцлоо.

  • Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь
  • залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох,
  • шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах,
  • эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх,
  • шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох,
  • олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх,
  • судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог юм.

Тус хурлыг уламжлалт байдлаар ШУА-ийн Технологийн инкубатор төв, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС дэмжин ажиллаа. Мөн түүнчлэн СЭЗДС, "Идэр" дээд сургууль, Осорын Шагдарсүрэн сан, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Эмэгтэйчүүд.мн сайт, Алтан оршихуй ХХК зэрэг байгууллагууд тусгай байруудыг урамшуулан хамтран ажиллаа.

Энэ жилийн “Хүрэлтогоот 2014” семинарт нийт 529 эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургууль, гадаадад сурч буй судлаачдын эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 294 бүтээлийг 6 товхимол номонд хэвлүүлсэн бөгөөд нийт 110 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлэв.

Зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаачдад БШУ-ны сайдын нэрэмжит грантын эзэн боллоо. Үүнд:

Геологи газарзүйн салбар хуралдаан /2014.10.17/

  1. ХААИС-ийн багш И.Мягмаржав, “Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал”
  1. ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаяр, “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”    

Нийгмийн ухааны салбар хуралдаан /2014.10.18/

  1. ШУТИС-ийн МТС-ийн Бизнесийн удирдлага, докторант Х.Булгаа, “Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаа”
  2. СЭЗДС, Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн ахлах багш, докторант С.Бямбахорлоо, “Монгол хонины ноосны өрсөлдөх чадварыг өртөгийн удирдлагаар дэмжих нь”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2014.10.24/

  1. МУИС-ХШУИС Б.Дэлгэрбат, “Будан барбадын ДНХ-ийг хамгаалах болон антиоксидант идэвхийн судалгаа”
  1. БНСУ, Улсаны их сургуулийн химийн тэнхимийн докторант Э. Гансүх, “Water dispersible graphene and ist application as a supercapacitor”      

Техник,Технологийн салбар хуралдаан /2014.10.25/

  1. ШУТИС, Дарханы Технологийн сургуулийн багш У. Эрдэнэболд, “Гөлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа ”
  1. ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Холбооны салбар, ахлах багш Г. Хишигжаргал, “Developing the MBS model for Mobile IPTV im Network level simulation”

Биологи, ХАА-н салбар хуралдаан /2014.10.31/

  1. УХЭШХ-ийн ЭША Б.Одгэрэл, “Буудай (Triticum aestivum L.)-н ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн”
  2. 10. ХААИС-ийн багш С.Отгонпүрэв, “Их шүүдэргэнэ (Chelidonium majus L)-ий каллусын эдээс сангвинарин алкалоид гарган авах боломж”

Анагаах ухааны салбар хуралдаан /2014.11.01/

  1. АШУҮИС,НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн багш Д.Ангармөрөн, “Монгол улсын хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн амьдрах чадварын судалгаа”
  1. АШУҮИС,Эм зүй-Био-Анагаахын сургууль,Эсийн биологи-биохимийн тэнхимийн багш Я.Мөнхдэлгэр, “Суулгалт өвчин үүсгэгч Escherichia coli-ийг мультиплекс полимеразийн гинжин урвалаар ялган дүйсэн дүн” 

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ өмнөх жилээс өсч сайжирсан нь энэ жилийн хуралдаанд АНУ, Франц, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гадаад улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхитэй оролцож байгаагаас харагдаж байна. Иймээс ирэх жилийн ХҮРЭЛТОГООТ эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсад ажиллаж буй Монгол залуу судлаач нарыг татан оролцуулах бүрэн боломжтой юм. Иймээс дараа жилээс ХҮРЭЛТОГООТ хурлыг олон улсын түвшинд зохион байгуулах боломжтой юм.

Хуралд оролцсон нийт эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны өмнөөс талархал илэрхийлж, хуралд амжилттай оролцсон залуу судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

3700 Last modified on Баасан, 16 1-р сар 2015
Login to post comments