Хүрэлтогоот ЭШБХ

Share to Facebook Share to Twitter Share to Google Plus

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Энэхүү ЭШБХ-ыг зохион байгуулах журам нь БСШУ-ны сайдын 2005 оны 09-р сарын 30-ны өдрийн 305 дугаар тушаалаар батлагджээ.

Уг хурал нь залуу судлаач,эрдэмтэд, багш нар эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнг харилцан мэдээлэх,шүүн хэлэлцүүлэх,шинжлэх ухаан технологийн шинэлэг үр дүн, ололт амжилтаас харилцан суралцах,онолын маргаан явуулах,дотоод гадаадын нэрт эрдэмтдийн ажлын туршлага арга барилаас суралцах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэрээр залуу  судлаачдын эрдэм шинжилгээний ажлын арга зүйн мэдлэг,түвшинг дээшлүүлэхэд манай засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Хүрэлтогоот эрдэм шинжилгээний  бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Хөдөө аж ахуй, Техник технологи, Нийгэмийн ухаан гэсэн 6 салбараар зохион байгуулагддаг бөгөөд жил бүр дунджаар 500 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, бүтээлээ хэвлүүлэн оролцож байна. 

Жил жилийн намар хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын  эрдэм шинжилгээний  бага хуралд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд уригдан оролцдогоороо онцлог юм.

Хүрэлтогоот ЭШБХ-ын салбаруудаас  жил бүр эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт  БШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог. Залуу судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг юм.